Цаг үеийн мэдээ

ДУЛААНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Ховд аймгийн “Бадамлах дөл” ХХК дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх ажлыг сар гаруйн хугацаанд хийж байна. Мөн “Шим-Ус” ОНӨҮГ-аас цэвэр усны хуучирч муудсан зарим шугам сүлжээг шинэчлэх ажлыг давхар хийж байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

“Бадамлах дөл” компанийн дулааны станцын 1.5 км хос шугам сүлжээг шинэчлэх ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс эхэлсэн. Тэгвэл өдгөө шинэчилсэн шугамыг угсрах, гагнаж холбох ажлыг бүрэн гүйцэтгэж, халаалт аваагүй байсан орон сууц, албан байгууллагуудын хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна. Одоо шугам сүлжээг шороогоор дарж хамгаалах, засвар хийсэн газрыг тэгшлэх газар шорооны ажил үлдэж байна.

Зарим айл өрх, албан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангах дуусаагүй байгаагаас халаалт, дулаанаа хараахан аваагүй байна. Харин “Эсба”-ийн есөн давхар орон сууцны барилгын дулааны шугамын узелийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуустал тус орон сууцны айл өрхүүдийг дулаанаар хангах боломжгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.