Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

Өнөөдөр /2019.10.24/ аймгийн онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.

Хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав холбогдох албан тушаалтнуудад шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажиллах үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, Жаргалант сумын 36 айл, хоёрдугаар 60 айл, 48 айл, Тулгын 30 айл, гуравдугаар 60 айлын орон сууцны ус, дулаан дамжуулах, нийтийн эзэмшлийн салбар шугамыг засварлахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Үүний дагуу нийт 13 ажлыг орон нутгийн төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлж, хариуцагч “Бадамлах дөл”, “Ховд” дулааны станцууд, “Шим-Ус” ОНӨҮГ-аар гэрээлэн гүйцэтгүүлэхээр болов.

Мөн энэ үеэр Эсбагийн 160 айлын орон сууцны сантехникийг солих, горимын тохиргоо хийхэд шаардагдах 26 сая төгрөгийн зардлыг Орон нутгийн төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад зөвшөөрөв. Тус орон сууцны насос суурилуулахад шаардагдах цахилгааны хүчдэлийг 10 сарын 24-ний өдрийн дотор нэмэгдүүлж ажиллахыг “Ховд ЦТС” ТӨХК-нийн дарга Ш.Арстанд, суурилуулсан насосны цахилгааны төлбөрийг айл өрхөөс суутгах ажлыг сар бүр зохион байгуулж ажиллахыг ЭХЗЗ-д үүрэг болголоо.

Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Мал эмнэлэгийн газрын дээврийг засварлах, цонх солих зэрэг засвар үйлчилгээний ажлыг төсвийн давсан орлогын хөрөнгөөр хийхээр шийдвэрлэж, 11 сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүргийг тус газрын даргад өгсөн юм.