Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Улсын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар 2014 онд баригдсан “Эвийн хүч” худалдааны төв нь газрын болон өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл зогсонги байсан.

Тэгвэл аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар дорвитой шийдвэр гарган аймаг, орон нутгийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө гарган мэргэжлийн байгуулага, хоршоотой хамтран жил гаруй хугацаанд ажиллалаа.

Энэ хугацаанд “Эвийн хүч” хоршооны хувь нийлүүлэгчидтэй удаа дараа уулзаж ярилцан газар эзэмших эрх, үйл ажиллагааны менежментийн эрхийг тус хоршоонд шилжүүлсэн. Мөн эрчим хүчний болон дотоод тохижилтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажилласны үр дүнд тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид ая тухтай орчинд үйлчилгээ эрхлэх, эрүүл чанарын баталгаат хүнсний бүтээгдэхүүнийг ард иргэдэд худалдаалах боломж нөхцөл бүрдэж, шинэ оны босгон дээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

8000 м.кв талбай бүхий тус худалдааны төвд нийт 464 лангуу бий. Одоогоор 300 орчим худалдаа эрхлэгчид лангуу эзэмших, түрээслэх гэрээ байгуулж тохижилтоо хийсэн ба 50 гаруй нь худалдаа үйлчилгээгээ явуулж эхлээд байна.