Цаг үеийн Цаг үеийн мэдээ

БОЭТ-ИЙН АМАРЖИХ ГАЗРЫН ДУЛААН ХАЛААЛТЫГ САЙЖРУУЛЖ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УСНЫ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХИЙГ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Ганданповрон нар иргэд, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу БОЭТ-ийн Амаржих газарт ажиллалаа.

Иргэд, үйлчлүүлэгчид болон тус газрын ажилчдын зүгээс сүүлийн 4 өдрийн турш халаалт доголдсон, хэрэглээний халуун ус 14 хоногийн өмнө тасарсаны улмаас эх, нярайн тав тух алдагдаж байгаа талаар хэлж байна.

Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор удирдлагууд “Ховд” дулааны станц, “Шим-Ус” ОНӨҮГ-ын мэргэжлийн инженерүүд, БОЭТ, “Турлиахт” ХХК, ГХБХБГ-ын удирдлага, төлөөллүүдийг байлцуулан хуралдаж, холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,

Хэрэглээний халуун усны цоорч муудсан шугамыг ухаж гаргахыг “Турлиахт” ХХК-ийн Ерөнхий инженер Л.Батхишигт, шугамыг сольж гагнан хэвийн байдалд оруулах, Амаржих газрын дулаан хянах, хэмжих хэрэгслийг иж бүрнээр нь солихыг “Ховд” дулааны станцын инженерүүдэд үүрэг болголоо.

Харин БОЭТ-ийн удирдлагууд, холбогдох албаныханд хэрэглээний халуун усны шугам солиход шаардагдах материалыг инженерүүдэд бэлтгэж өгөх, Амаржих газрын дулаан алдагдлыг бууруулах, үүдэнд нь дулааны хөшгөн тень худалдан авч, байршуулах ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгсөн юм.

Эдгээр ажлуудын хэрэгжилтэд хяналт тавьж, 12 сарын 20-ны өдөр аймгийн удирдлагуудад тайлагнахыг БОЭТ-ын дарга П.Улаанхүүд даалгалаа.

Мөн цаашид аймгийн онцгой обьект болох Амаржих газрын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг нэн яаралтай аймгийн удирдлагуудад мэдээлж ажиллахыг даалгасан юм.