Цаг үеийн Цаг үеийн мэдээ

МАНХАН СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Манхан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сарын 18-ны өдөр сумын эмэгтэйчүүдийн чуулганаа зохион байгууллаа.

Чуулганы үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг оролцож, Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримталж буй бодлогыг танилцуулж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо, БЗДХ өвчнөөс сэргийлэх тухай, хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан, эрчүүдийн эрүүл мэнд зэрэг сэдвийн хүрээнд лекц мэдээлэл хүргэсэн юм.

Манхан сумын эмэгтэйчүүдийн зөвлөл нь 14 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2019 онд сумынхаа эмэгтэйчүүдийг хөгжүүлэх зорилгоор урлаг, спортын болон соён гэгээрүүлэх ажлуудыг санаачлан зохион байгуулсан талаараа чуулганы үеэр тайлагналаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн чуулганд 6 багийн 400 гаруй эмэгтэй оролцож, эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталж буй бодлогод тусгах, шийдвэр гаргах түвшний байгууллага, албан тушаалтнуудад уламжлах олон бүтээлч санал санаачлагыг гаргасан юм.

Энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагч бүсгүйчүүдийг аймаг, сумын болон МЭХ, МЗХ-ны нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн чуулганы хүрээнд оролцогчдын дунд “Хөгжилтэй буухиа” спортын тэмцээн, Караоке дууны аварга баг шалгаруулах тэмцээн, “Бүтээлч эмэгтэй” шалгаруулах үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн сургалт зэрэг олон талт арга хэмжээг зохион байгууллаа.