Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ” Д.АЛТАНГЭРЭЛ гуайг угтан авав

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ” цол хүртсэн Д.Алтангэрэл гуай өнөөдөр /2019.12.31/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн СТСХ-ийн дарга Ч.Багдал нараар ахлуулсан ажлын хэсэг, Эрдэнэбүрэн сумын удирдлагууд, салбарын хамт олон нь шинэхэн гавьяатаа Ховд нисэх онгоцны буудалд хүндэтгэн, угтан авлаа. Дараагаар нь аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, аймгийн Засаг даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” дурсгалын зүйл гардуулав.


Д.Алтангэрэл гуай улсад нийтдээ 45 жил ажилласан. Үүнээс 35 жилд нь аймгийн төр захиргааны байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллаж ийнхүү олон жилийнхээ нөр их, хичээнгүй хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэн “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ” гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Тэрбээр Ховд аймгийн эдийн засгийн салбараас төрж буй 6 дахь гавьяат боллоо.

Хамгийн анх аймгийн Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан П.Лувсандорж Монгол Улсын гавьяат эдийн засагч болж байсан бол дараагаар нь Манхан сумын Сум нэгдлийн дарга асан Ү.Цэдэнбал, аймгийн Засаг дарга асан Н.Дамба, Статистикийн хэлтсийн дарга асан А.Шайзан, зохиолч, сэтгүүлч, эдийн засагч Д.Жүгдэрбарам нар энэхүү хүндтэй шагналыг хүртсэн байна.