Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ТҮҮХТ 28 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Одоогоос 28 жилийн тэртээд буюу 1992 оны 1-р сарын 13-нд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

Уг хуулиар “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийг ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэж даяар олноо зарлан тунхагласнаараа өмнөх хуулиудаасаа онцлогтой болохыг эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр аймгийн ИТХ, ЗДТГ-аас Зэвсэгт хүчний 123-р ангитай хамтран Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгууллаа.

Мөн тус хуулийг албан ёсоор баталсан АИХ-ын 12 дахь удаагийн чуулганд Ховд аймгаа төлөөлөн оролцсон 18 депутатын төлөөлөл болон орон нутгийнхаа төр захиргааны байгууллагуудад ажиллаж хөдөлмөрлөж байсан ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр шинэ Үндсэн хууль батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн Ардын Их Хурлын депутатуудын нэг болох Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Даваабалд “Ховд аймгийн 100 эрхэм” цол тэмдэг гардуулан өгч, баяр хүргэлээ.