Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ МАНХАН СУМАНД АЖИЛЛАВ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, өнгөрсөн 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа сумдын ард иргэдэд тайлагнах үүднээс аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2020.01.19/ Манхан суманд ажиллав. Энэ үеэр Манхан сумын иргэдийн төлөөлөл, төрийн албан хаагчидтай уулзалт хийж “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил”-д буюу 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, 2020 онд хийх ажлын зорилго, төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.

Аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаар 2020 оныг “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” жил болгон зарласан. Ирэх жилүүдэд ялангуяа хөдөөгийн хөгжилд түлхүү анхаарч “ШИНЭ ХӨДӨӨ” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгааг аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцлоод баг, сум, орон нутгаа хөгжүүлэхэд засаг захиргаа, төрийн албан хаагчид, иргэн бүрийг хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалтын төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий төрийн албан хаагчдыг ЭМЯ-ны “Жуух бичиг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, аймгийн “Хүндэт тэмдэг”, “Арга зүйч багш” цол тэмдгээр шагнагдсаныг гардуулж, баяр хүргэлээ. Мөн сургуулийн 4 бүлгийн ширээ сандлыг ирэх 3-р сард багтаан иж бүрэн шинэчилж өгөхөөр боллоо.

Уулзалтын дараа аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн нар Манхан, Буянт сумын зарим малчин өрхөөр орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, санал солилцов.

Манхан сумын Зэрэг гол багийн малчин, Монгол улсын аварга малчин А.Төртогтох: “Өнгөрсөн жилийг бодвол бэлчээр, малын тарга тэвээрэг сайн, харьцангуй өнтэй өвөл болж байна. Урьд жилүүдийн цас зуданд малчид ч хашир сууж малаа зах зээлийн эргэлтэд оруулж, чанартай цөөн тооны малтай болсон, өвөл, хаврын бэлтгэлээ ч сайн хангадаг болсон” хэмээн ярьлаа.

Манхан сумын хувьд 226199 мал тоолуулсан. Сумын хэмжээнд 37,5 тн өвс бэлтгэн нөөцөлсөн, цаг хүндэрсэн үед малчдадаа хүргэхээр төлөвлөж байна.