Цаг үеийн Цаг үеийн мэдээ

МӨСТ СУМАНД ӨНТЭЙ ӨВӨЛ БОЛЖ БАЙНА

Ховд аймгийн хэмжээнд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг иргэд, олон нийтэд танилцуулах, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг 1-р сарын 21-ний өдөр Мөст суманд ажиллалаа.

Мөст сум нь 3176 хүн ам, 834 өрхтэй. Үүний 510 орчим өрх нь МАА-н багууд болох Баянхайрхан, Давст, Хужирт, Цэцэг гол багуудад мал маллан амьдарч байна. Эдгээр айл өрхүүд жилийн эцсийн мал тооллогоор нийт 192276 мал тоолуулсан бөгөөд энэ хавар 96500 орчим мал төллөх юм.

Сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг бүрэн хангаж 5000 тн өвс бэлтгэсэн байна. Одоогоор өвөлжилтийн байдал хэвийн үргэлжилж байна.

2020 онд Мөст суманд Улсын болон орон нутгийн төсвийн 690 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг Босоо тэнхлэгийн авто замтай холбох тосон замын ажил, халуун усны барилга, цаг уурын барилгын ажил зэрэг бүтээн байгуулалт өрнөх юм.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллах үеэрээ сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, “Өрхийн болон ЖДҮ-ийг дэмжих жил” буюу 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Мөн “Хүний хөгжлийг дэмжиж, бизнес хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх жил” буюу 2020 оны зорилго, зорилтоо танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилласан юм.