Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ҮЕНЧ, БУЛГАН, АЛТАЙ СУМД БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОНО

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан Үенч суманд ажиллах үеэрээ сумын Засаг даргын хамтаар Цагаантүнгэ багийн Улаанхад хэмээх газар өвөлжиж буй Ц.Батмөнх, Урд хөвчийн Зоогийн өтөг гэх газар өвөлжиж буй Б.Амгаланбаатар нарын малчин өрхүүдээр орж, МАА-н өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Үүний дараагаар сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны тайланг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож ажилласан юм.

Мөн аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга, мэргэжилтнүүд болон бусад холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдийн төлөөлөл Үенч суманд ажиллаж, тус сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, төсөвт байгууллагуудын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжүүлэлтэд хяналт үнэлгээ хийж ажиллаж байна.

2020 онд Хөшөөтийн уурхайгаас Үенч, Булган, Алтай сумыг Баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбох цахилгаан дамжуулах шугамыг шинээр татах, дэд станцын өргөтгөлийн ажлыг Улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх юм.

Мөн Үенч сумынхан энэ онд орон нутгийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өв соёлын өргөө” байгуулах, Нарийн гол багийн төвийг шинээр барих, сумын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.