Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛААР КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар гарсантай холбогдуулан хилийн боомт бүхий Ховд аймагт халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, хүн ам олноор цуглардаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд, нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгалын бодис байршуулж, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгалаа. Тус үйл ажиллагаанд ажлын хэсэг байгуулан хяналт тавьж ажиллахыг МХГ-т үүрэг болголоо.

Мөн БНХАУ-тай хиллэдэг Булган сумын Ярантын боомтын үйл ажиллагааг 1-р сарын 28-ны өдөр нээж байгаатай холбогдуулан хилийн хяналт, тандалт судалгааг эрчимжүүлж, хилээр нэвтэрсэн иргэдэд үзлэг шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд 14 хүртэлх хоногоор тусгаарлах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах үүрэг чиглэлийг МХГ, ЭМГ, Хилийн цэргийн 0130-р анги, Цагдаагийн газар, Булган сумын Засаг дарга, Гаалийн газрын дарга нарт өгсөн юм.

Түүнчлэн агаарын болон орон нутгийн нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчиж байгаа иргэдийн бүртгэл судалгааг гаргаж, тогтмол эрүүл мэндийн үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллахыг ЭМГ, Авто тээврийн төв, Олон улсын Нисэх буудлын дарга нарт үүрэг болголоо.

Харин тус вирусээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэх, амны хаалт, ариутгалын бодисын нөөцлөн нэмэгдүүлэх хэмжээ, үнийн дүнгийн судалгааг хийх, зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, мах, хүнсний ногоо, жимс жимсгэний гарал үүсэлд хяналт шалгалт хийж ажиллах, нүүрс тээврийн компанийн жолооч нарт халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг тогтмол өгч ажиллахыг МХГ, ЭМГ, ХХААГ-ын дарга, Жаргалант сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.

Үүнээс гадна шашны байгууллага болон цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, баар караоке, ресторан зэрэг үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг богиносгон, 10:00-22:00 хүртэл ажиллуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Дэлхийн ЭМБ-аас хамгийн сүүлд буюу 1-р сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар гаргасан дүн мэдээгээр тус вирусын халдвар авсан хүний тоо 4474 хүрсэн байна. Үүнээс 106 нь нас барж, 63 нь эмчилгээ хийлгэж эдгэрчээ.

Монгол Улсын хувьд тус вирусын халдвар бүртгэгдээгүй байгаа юм.