Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН “ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөс “Мерси Кор” ОУБ болон бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран 2019 оноос эхлэн Монгол улсад техникийн шинэчлэлийг ашиглан гамшгийн эрсдлийг бууруулах “Техникийн туслалцааны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь гар утасны мессеж үйлчилгээний тусламжтайгаар төв суурин газраас алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч буй ард иргэд, малчдад 14 төрлийн хэрэгцээт мэдээллийг шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилготой.

Мөн малчдаас ган, зудын эрсдэлийн зураглалын болон МАА, ХАА-н салбарын бусад хэрэгцээт мэдээллийг цуглуулах замаар байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Засгийн газар болон хүмүүнлэгийн байгууллагуудын эрт хариу арга хэмжээ авах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой юм.

Өнөөдөр /2020.02.05/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус төслийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зохицуулагч Дарко Петрович тэргүүтэй төслийн багийнхнийг хүлээн авч уулзан, аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцууллаа.


Түүнчлэн зудын эрсдэлийг зөв тодорхойлоход анхаарах зүйлс, орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс тус үйлчилгээг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар санал солилцов.

Энэ үеэр Мерси кор ОУБ-ын 3, 4-р саруудад явуулах сумдын аюулгүйн нөөц дэх өвсний хэмжээг тодорхойлох судалгаанд аймгийнхаа сумдыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.