Цаг үеийн Цаг үеийн мэдээ

2019 ОНД 814 АЖЛЫН БАЙРЫГ ШИНЭЭР БИЙ БОЛГОЖЭЭ

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймагт 22476 өрхийн 87230 хүн амьдарч байна. Үүний 43,5% нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаа юм.

2019 онд аймгийн ХХҮГ-т 1761 хүн идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлснээс 1189 иргэнийг байнгын, түр болон улирлын чанартай ажлын байрынд зуучилсан байна. Мөн 814 ажлын байрыг шинээр бий болгосон байна.

Тэгвэл өнөөдөр аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдаж, 2020 онд аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой түвшинг хангах, ажиллах хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ХЭДҮЗөвлөлөөс баталсан төсвийн хүрээнд 2020 онд:
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”,
“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”,
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”,
“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”,
“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”,
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар зөвлөлийн гишүүд санал солилцсон юм.