МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

1995 ОНЫ ТӨГСӨГЧИД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхий нийтийг хамарч, олон Улсад хүнд гарз учруулж буй COVID-19 вирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын болон аймаг, сумдын Онцгой комисс, Шуурхай штабууд болон холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.

Үүний үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд дотооддоо халдвар алдаагүй цорын ганц улс болоод байгаа юм.

Аймаг, орон нутгийн түвшинд COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэд олон нийт дэмжлэг үзүүлж, хандив тусламж үзүүлсээр байна.

Өнөөдөр Ховд аймгийн ЕБС-иудыг 1995 онд төгссөн 2000 гаруй төгсөгчдийн төлөөлөл 300 гаруй төгсөгчийн байгуулсан “Сүрлэг Алтайн шонхрууд” ТББ-ын хамт олны зүгээс 5000 ширхэг амны хаалт, гар ариутгагч, дурсгалын зүйлийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавд хүлээлгэн өглөө.