Цаг үеийн мэдээ

“ХАВРЫН ӨНГӨ-2019” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Төр, хувийн хэвшлийнхний багагүй хөрөнгө оруулалтаар баригдсан “Эвийн хүч” худалдааны төвийн өмчийн асуудал, барилгын доторх халаалт дулаан, гэрэл цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлээгүйгээс үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн. Аймгийн Засаг даргын ажилд томилогдсоноос хойш анхаарлаа хандуулсан нэг чухал ажил бол “Эвийн хүч” худалдааны төвтэй холбоотой асуудлыг судалж, шийдвэрлэх, улмаар тогтвортой үйл ажиллагаатай болгох асуудал байлаа. Эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг “Авга ач нар” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлж үүний үр дүнд 17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтсан “Хаврын өнгө-2019” үзэсгэлэн худалдааг тус худалдааны төвд зохион байгуулж байна. Цаашид нэг удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байдлаар ашиглах биш 3-р сарын дундаас тогтмол үйл ажиллагаатай, бизнес эрхлэгч, худалдан авагчдын ая тухтай орчинд үйлчилгээ явуулах боломжийг нь бүрдүүлэн ажиллахыг зорьж байна.