МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар дахин томилуулах асуудлыг Монгол Улсын ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тогтоолыг баталлаа

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэг чухал асуудал бол аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх явдал юм.

МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс дэгийн дагуу нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжиллээ.

АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. Харин завсарлагааны хугацаанд аймгийн Засаг даргад нэр дэвшигч Б.Дүгэржавтай уулзаж ирэх 4 жилд аймаг, орон нутгийн хөгжлийн талаар хэрхэн хамтарч ажиллах, цаашид зайлшгүй анхаарлаа хандуулж ажиллах асуудлын талаар санал солилцсон байна.

Ингээд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдсон, мэргэжил, мэдлэгээ дайчлан улс төрийн болон төрийн удирдах албан тушаалд олон жил ажиллаж, туршлагажсан хүнийх нь хувьд дэмжихээ илэрхийллээ.

Санал хураалтыг илээр явуулж хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталлаа.

Тэрбээр олон угсаатны өлгий нутаг Ховд аймгийнхаа хөгжлийг шинэ шатанд гаргах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудалд зоригтой шийдэмгий, дорвитой өөрчлөлт хийж, шат шатанд шударга ёсыг тогтоох, эв эеийг эрхэмлэх, эхлүүлсэн ажлаа амжилттай үргэлжлүүлж ажиллахаа илэрхийллээ.

Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга хааж үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэн анхдугаар хуралдаан өндөрлөлөө.