МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар аймгийн төсвийн 2019 оны гүйцэтгэл, 2020 оны урьдчилсан гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд өмнөх оны ажлуудын гүйцэтгэл, үр дүнг дүгнэж, сум тус бүрт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээний талаарх саналуудыг зөвшилцөж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн хурлаар аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны гүйцэтгэл, 2021 оны төлөвлөгөөний төслийг авч хэлэлцсэн юм. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 онд нийт 58319 га газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулжээ.

Тэгвэл 2021 онд сумын Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид, иргэд, ААН, төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас ирүүлсэн саналуудад тулгуурлан Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан “Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний төсөл”-ийг боловсруулсан байна.

Төсөлд “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх”, “Иргэн, ААН, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх” зэрэг хэд хэдэн төрөл, зориулалтаар тодорхой байршил дахь, зохих хэмжээ бүхий газруудад шинээр төлөвлөлт хийхээр тусгажээ.

Эдгээр газруудад Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн төлөвлөлт хийхэд анхаарах асуудлууд, төсөлд оруулах өөрчлөлтийн талаар Зөвлөлийн гишүүд санал солилцож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон юм.