МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ БОЛОН “МО-ЭН-КО” ХХК ХООРОНДЫН ГЭРЭЭГ ЭНЭ ОНД ШИНЭЧИЛНЭ

Ховд аймаг, Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрөл авч, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “МоЭнКо” ХХК-тай 4 жил тутамд “Хамтран ажиллах гэрээ” хэлэлцээр хийдэг.
Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон, Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2021-2024 оны гэрээг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.
Харин өнгөрсөн 4 жилийн буюу 2017-2020 онд хэрэгжүүлсэн гэрээний хэрэгжилтийг дүгнэх, гэрээг шинэчлэхэд зайлшгүй анхаарах асуудлуудыг судалж тогтоох зорилгоор “Ховдын толь” ТББ-аас хараат бус үнэлгээ, хяналт шинжилгээний ажил хийсэн байна.
Энэ хүрээнд тус байгууллагаас аймгийн ИТХ-тай хамтран “Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь” сэдэвт нийтийн сонсголыг өнөөдөр цахим болон танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

Нийтийн сонсголд гэрээ боловсруулах ажлын хэсгийнхэн, нөлөөллийн сумдын удирдлагууд, “МоЭнКо” ХХК, гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 40 орчим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, Ховд аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, ард иргэдийн эрх ашигт нийцсэн, талууд харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн шинэ гэрээнд тусгуулах саналаа уламжиллаа.