МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комисс 95 хувийн ирцтэй хуралдлаа

Өнөөдөр/ 2021.01.25/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. 95 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар мэдээлэл солилцох 3, шийдвэр гаргах 2 асуудлыг тус тус хэлэлцэв. Тухайлбал, “COVID-19” цар тахлын дотоодын халдварын нөхцөл байдал, УБ хотоос ирэх иргэдийн бүртгэл, татан авах ажлыг зохион байгуулах ажлын талаар хэлэлцэж мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай бүлэг, хяналт тавих ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталлаа.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралтын хийсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийтдээ 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээрээс 320 иргэнийг нэгдсэн журмаар PCR-ийн шинжилгээнд хамруулж бүгд сөрөг гарчээ. Эхний ээлжинд эдгээр иргэдийг өнөөдөр 8 автобусанд хувиарлан УБ хотоос гаргаж байна. Үлдсэн иргэдийг мөн нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж, тээвэрлэх асуудлыг дараагийн ээлжинд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Ховд аймаг руу ирэх хүсэлтэй иргэдийн тоо дахин нэмэгдэх хандлагатай байна. Юутай ч ирж буй иргэдээ хүлээн авахаар мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу бэлтгэл, бэлэн байдлаа бүрэн хангасан гэлээ.

Мөн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо агаар салхинд гарах үедээ хөдөлгөөний дүрмийг зөрчиж хэн нэгнээ чарга болон запас дугуйн дээр суулган автомашинаар чирж, улмаар эрүүл мэндийг нь хохироох эрсдэлтэй асуудал гаргаж байгаа учраас аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан хяналт эргүүл хийх ажлын хэсэг байгууллаа.
Түүнчлэн аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүгийн санал, мэдээллийг сонсоод салбарын яамнаас гаргасан шийдвэр, зөвлөмжийн дагуу 1-2-р анги, 6, 9, 12-р ангийн сурагчдад танхимын давтлага өгөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэрийг гаргасан юм.