Боловсрол, Эрүүл мэнд

Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч уулзав

2021 оны 03 дугаар сарын 01 буюу ирэх 7 хоногийн Даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.02.26/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, салбарын яамнаас өгсөн чиглэл, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, ажиллахыг анхаарууллаа. Мөн багш, эцэг эх, сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллахыг сануулсан юм.

Улсын Онцгой комисс, салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгүүд халдваргүйтгэлээ хийгээд хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хийж байна.

Аймгийн БСУГ-аас өгсөн мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд 25 сургуулийн 20000 гаруй сурагч танхимаар хичээллэнэ. Нэг ангид 25-аас илүүгүй хүүхэд байх чиглэл өгсөний дагуу тухайн сургуулийн анги бүр бүлэг зохион байгуулалт хийнэ. Өмнө нь 731 бүлэг хичээллэдэг байсан бол одоо 1004 бүлэг хичээллэх юм байна. 25 сургуулиас 7 сургууль өөрөөр хэлбэл Булган сумын ерөнхий боловсролын 2 сургууль, аймгийн төвийн 5 сургууль 3 ээлжээр, бусад сургуулиуд 2 ээлжээр хичээллэхээр бэлтгэлээ хангаж байна гэлээ.