Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын хурал боллоо

Аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр /2021.02.26/ 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар цаг үеийн асуудалтай холбоотой 8 асуудал хэлэлцэж холбогдох хуулийн болон онцгой комиссын гишүүдийн саналыг үндэслэн 19 заалт бүхий шийдвэрийг гаргасан юм.


2021 оны 03 дугаар сарын 01 буюу ирэх 7 хоногийн Даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэхтэй холбоотой асуудлыг хурлын эхэнд хэлэлцэв. Улмаар мэргэжлийн байгууллагын дарга нар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт 4 заалт бүхий үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, салбарын яамнаас өгсөн журмын дагуу 7 хоног тутам анги танхимд халдваргүйтгэл хийх, үдийн хоол, цайны чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, эхний нэг сарын хугацаанд хичээлийн хоцрогдол арилгах, нөхөх асуудалд анхаарах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс сурагч нэг бүрийг амны хаалттай хичээлд суулгах, отроор яваа малчдын хүүхдүүдийн судалгаа гаргаж, тухайн сумын сургуульд хамруулах ажлыг зохион байгуулах, сургууль бүр угтах үйлчилгээг нэвтрүүлж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгөв. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаал буюу худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах түр журмын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулан байгуулж хийх ажил, анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Хурлаар мал, амьтны сэг зэмийг устгаж орчны бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах албан даалгавар гаргаж аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулахыг ХААГ, Мал эмнэлгийн газар, БОАЖГ-ын дарга нарт тус тус үүрэг болголоо…