Хөдөө аж ахуй, байгаль экологи

ЖАРГАЛАНТ СУМ 7 ДАХЬ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-АА ӨЛГИЙДӨН АВЛАА

Жаргалант сум нь 189 малчин өрх, 113133 толгой малтай. Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал сүргээ өсгөн үржүүлэх өвөг дээдсийнхээ малч уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах чиглэлд гаргасан амжилтаараа Цамбагарав багийн малчин Сэсээрийн Батсүрэн, Рашаант багийн малчин Хонорбайн Өмирбек нар “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан.

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд Жаргалант сумын удирдлагуудын хамтаар Ховд сумын нутаг “Долоон худгийн эх” гэх газар өвөлжиж буй Жаргалант сумын Цамбагарав багийн малчин Сэсээрийн Батсүрэнд “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-ы Энгэрийн тэмдэг, Тууз, Батламж, 5 хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйлийг гардуулан өгч баяр хүргэлээ. С.Батсүрэн 18 жил мал маллаж байгаа бөгөөд 1300 гаруй толгой мал тоолуулжээ. Тэрээр Жаргалант сумаас төрж буй 7 дахь “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” болж байна.