Хөдөө аж ахуй, байгаль экологи Цаг үеийн

ЗУДЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

УЦУОШГ-аас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй Баян-Өлгий, Ховд аймгуудын зарим сумдад “ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН”, Английн “СТАРТ САН”-тай хамтран “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх” төслийг өнгөрсөн оны 12 сарын 25-наас эхлэн 45 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд Ховд аймгийн Мөст, Дарви, Чандмань, Эрдэнэбүрэн сумдын 432 малчин өрх тус бүрт 200 кг тэжээл, 240 мянган төгрөгний мөнгөн тусламж үзүүлсэн байна. Мөн малчдын хүүхдүүдэд зориулсан хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн гарын авлагыг хүргүүлэх зэргээр зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тэгвэл өнөөдөр тус төслийг хэрэгжүүлэгч “ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН”-гаас Орон нутгийн удирдлагууд, төсөлд хамрагдсан малчидтай хамтран төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.