МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

МЯНГАД СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Мянгад сумын ЗДТГ-аас Монгол Улсын Засгийн газрын “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Төрийн албаны тухай шинэ хууль, аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийн талаарх мэдээллийг төрийн албан хаагчдад таниулах, хэрэгжилтийг нь хангах зорилгоор “МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО-ХӨГЖИЛ” сэдэвт төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг 3-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Мянгад сумын төрийн 9 байгууллагын төлөөлөл 150 гаруй албан хаагч оролцсон зөвлөгөөн, сургалтад аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон аймгийн ЗДТГ, НДХэлтэс, Ховд их сургууль, ТА-3 төслийн байгууллага болон “Дэлхийн зөн” ОУБ зэрэг хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд урилгаар оролцов.

Тус зөвлөгөөн, сургалтыг Мянгад сум нь 17 сумаас анх удаагаа санаачлан зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөний үр дүнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, төрийн албан хаагчдын ёс суртахуун, ур чадвар, харилцаа хандлага, оролцоо бүх шатанд бүрэн хангагдах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой болохыг оролцогчид болон зохион байгуулагчид онцоллоо.

Зөвлөгөөн, сургалтын төгсгөлд “Сумын хөгжилд төрийн албан хаагчийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, байгууллага бүр уриалга гарган цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр болов.

Мөн энэ үеэр зөвлөгөөнд зориулан бүтээсэн “Төрийн түшмэл эрдэнэ” дууг нийтээрээ дуулж, 9 зүйл заалт бүхий “Төрийн албан хаагчдын андгай өргөх ёслолын ажиллагаа” зохион байгууллаа.