Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Хөгжил Политехник коллежийн төгсөгчдийн “ЭРДМИЙН БАЯР” боллоо.

“Алтан гадас” одонт Хөгжил Политехник коллежийн 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөгчдийн эрдмийн баяр өнөөдөр /2019.06.05/ боллоо.

Тус коллеж нь 1944 оноос хойш хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түншлэлд суурилсан чанартай сургалт явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг ажилтнуудыг бэлтгэж байна. Энэ хичээлийн жилд тус коллежид 1089 суралцагч суралцаж байгаа бөгөөд техникийн боловсролын 4 ангийн 57 суралцагч, нэг жилийн хугацаатай мэргэжлийн сургалтын 23 ангийн 358 суралцагч, нийт 27 мэргэжлээр 415 суралцагч төгсөж, диплом, энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Төгсөгчдийн эрдмийн баярын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцож баяр хүргэлээ.

Энэ үеэр тус коллежийн шилдэг түншлэгч байгууллага болон улс, аймгийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн шилдэг төгсөгчдийг шагнаж урамшуулсан юм. Үүнээс гадна сургуулийн удирдлагууд нэр бүхий сурагчдад ажлын байрны болон дэвшин суралцах урилга гардуулж, баяр хүргэлээ.

Политехник коллежийн төгсөгчдийн 60-70 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ удаагийн төгсөгчдийн 30 гаруй хувь нь шууд ажлын байранд гарна гэж албаныхан мэдээллээ.