МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

Ховд аймгийн хэмжээнд 2019 оныг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж “Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөр”-ийг хэрэгжүүхээр төлөвлөсөн. Тус хөтөлбөрийг аймаг орон нутгийнхаа онцлог хэрэгцээнд тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэдний уялдаа холбоог сайжруулах замаар түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, ажлын байр бий болгон өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангах зорилгоор 2019-2022 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

Тэгвэл энэ сарын 29-ний өдөр хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Үйлдвэрлэгч Ховд хөтөлбөр”-ийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих төсөл сонгон шалгаруулах журам, хяналт, эргэн төлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих хөтөлбөр”,“Санхүүчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтын зарцуулалт, түүнийг хувиарлах зөвлөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Үүнээс гадна Улсын физикийн IV-р олимпиадыг 2020 онд Ховд аймагт зохион байгуулахаар болсонтой холбогдуулан олимпиад зохион байгуулах ажлын хэсэг, бэлтгэл ажлын талаар болон 2019 оны аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо.

Энэ жилийн баяр наадмыг уламжлал ёсоор 7 сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд наадам зохион байгуулах ажлын хэсэг, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.