Цаг үеийн мэдээ

“ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ – ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” сэдэвт 2 сарын аянд элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн нийт элсэгчдийн 80 гаруй хувь нь нэгджээ

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэж дундаж оноог ахиулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ – ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” сэдэвт 2 сарын аян зарласан.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй тус аяны хүрээнд мэргэжлийн 10 хичээл тус бүрээр зөвлөх 17 багш нар, тухайн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бэлтгэж буй сурагчдыг нэгтгэсэн цахим хуудас, групп нээн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байна.

Одоогоор энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн 1337 элсэгчдийн 80 гаруй хувь нь нэгдсэн байна. Групп тус бүрд нэгдсэн зөвлөх багш нар сурагчдын мэдлэгийн түвшин тогтоох сорил авч түүнийг үндэслэн давтлага өгөх сэдэв, агуулгаа боловсруулан цахим хичээл бэлтгэн оруулж сурагчдад давтлага өгч эхэлжээ.

Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан Боловсрол, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар өнөөдөр зөвлөх багш нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аяны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөвлөх багш нар, төгсөгчдийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, анхаарах ямар асуудал байгаа талаар ярилцаж багш нарын саналыг сонслоо.