Цаг үеийн мэдээ

“ЖАРГАЛАНТЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, сумын “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ” хамтран “ЖАРГАЛАНТЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” нэгдсэн арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Энэ хүрээнд өнөөдөр Ард Аюушийн талбайд 72 төрийн байгууллагын эмэгтэй ажилтан, албан хаагчид, Жаргалант сумын 12 багийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд оролцсон баярын жагсаал боллоо. Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Жаргалант сумын удирдлагууд оролцож, Ховд аймгийнхаа нийт эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ үеэр 3-р сарын 06-ны өдөр зохион байгуулсан “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” сэдэвт “Охид, эмэгтэйчүүдийн плаш моб бүжгийн уралдаан”-д амжилттай оролцож шилдгээр шалгарсан байгууллагуудын баг хамт олонд шагналыг нь гардуулан өгсөн юм. Мөн төрийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн төлөөлөл үндэсний уламжлалыг хадгалсан язгуур урлагийн төрөл бий биелгээг нэгэн зэрэг бүжиж баяр дээрээ баяр нэмлээ.

Үүний дараагаар хөтөлбөрийн дагуу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Баярын хуралд оролцогчдод аймаг, сум орон нутгийн удирдлагууд баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол Жаргалант сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч У.Чулуунчимэг “СЭТГЭЛЗҮЙН БОЛОВСРОЛ” сэдвээр лекц уншиж, эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Жаргалант сумын “ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ЭМЭГТЭЙЧҮҮД”-ийн болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий эмэгтэйчүүдийг “ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнаж урамшуулав.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ыг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Жаргалант сумынхаа 1000 эмэгтэйчүүдэд 1000 сарнай гардуулж байгаа бөгөөд гишүүний ажлын албанаас баярын хуралд оролцсон нийт эмэгтэйчүүдэд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “МЭНДЧИЛГЭЭ”-г амьд сарнайн хамт бэлэглэлээ.