You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ СУМДЫН ТАРИМАЛ ОЙ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

СУМДЫН ТАРИМАЛ ОЙ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
2013 оны 9-р сарын 16, Даваа гариг, 04:04

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.5, 5.5.13 дугаар заалтууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар тогтоол, Ховд аймгийг “Ногоон Соёл Иргэншил”-тэй загвар аймаг болгох тухай Засаг даргын 2013 оны 06 тоот  албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааг хэрэгжүүлсэн газар, хугацаа:

Ховд аймгийн Жаргалант сумын төв. 2013 оны 07 дугаар сарын 20-оос 2013 оны 08 дугаар сарын 05-ны хооронд тооллого, судалгаа явуулав.

Зохион байгуулагч болон оролцогчдын мэдээлэл:

Аймгийн Засаг даргын Тамгын газрынХяналт-шинжилгээ үнэлгээний тасаг, Байгаль орчны газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөөгийн 16 сум.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

Аймгийн Засаг даргаас 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг чиглэлийн дагуу Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж  ахуйн нэгжүүдийн ногоон байгууламжийн гүйцэтгэлд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх талаар удирдамж боловсруулан батлуулж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

 

Хэдийгээр бид зөвхөн Жаргалант сумын хэмжээнд ногоон байгууламжийн гүйцэтгэлд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр байсан хэдий ч энэ ажлыг хариуцан хийж байгаа мэргэжлийн байгууллагаас, тухайлбал Байгаль орчны газраас санал авах нь зүйтэй гэж үзээд, дарга, мэргэжилтнүүдтэй нь уулзсан болно.

Сумдын Засаг дарга нарт баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бий болгосон ногоон байгууламжуудын судалгааг хүргүүлсэн хүснэгтийн дагуу гаргаж, 2013 оны 07 дугаар сарын 25-ны дотор ирүүлэх тухай Засаг даргын орлогч М.Амарсанаагийн гарын үсэгтэй албан тоот хүргүүлэв.

Жаргалант сум, Байгаль орчны газраас гарсан ажлын хэсэгтэй хамтарч, албан байгууллага, аж  ахуйн нэгж, айл өрхүүдийн  2013 оноос өмнө, тухайн онд тарьж ургуулсан мод бутны тоо, төрөл зүйл, зүлэгжүүлсэн талбайн хэмжээг тогтоох ажлыг гүйцэтгэлээ. Бүх цуглуулсан мэдээ, материалуудыг  нэгтгэж, хяналт-шинжилгээ хийв.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.5.5-д зааснаар байгууллага, аж ахуйн нэгж бүр эзэмшил газрын 10-аас дээш хувийг ногоон байгууламжтай болгох ёстой. Энэ зорилгыг хэрэгжүүлэх, “Ногоон Соёл Иргэншилтэй” загвар аймаг болох ажлын хүрээнд бүх нийтээрээ мод тарих Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх сарын аяныг сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага айл өрхүүд үр дүнтэй зохион байгуулжээ. Аймгийн Засаг дарга Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш нартай ногоон байгууламжийн асуудлаар зангиагүй уулзалт хийж,  Байгаль орчны газраас 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдэд теле хичээл 2 удаа явуулан, аймгийн хэвлэлүүдэд зөвлөмжүүд хэвлүүлсэн нь зохих үр дүнгээ өгч байна.

Сумдын дүнгээр оноос өмнө 2305959 ш мод, буттай байсан бол 2013 оны эхний хагас жилд 132722 ш мод нэмж тарьж 2438681ш модтой болжээ. Мэдээ судалгаагаа ирүүлсэн 14 сумын дүнгээр тэдний албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газрынхаа 40,9 хувийг зүлэгжүүлсэн гэсэн тооцоо гарч байна. /1 дүгээр хавсралт/

Сумдын ерөнхий боловсролын 14 сургууль Эко сургууль болох зорилтоо бүрэн хэрэгжүүлжээ. Зарим сумд эко сум болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үенч сум зөвхөн тухайн онд 50 га-д мод тарьж бусдыгаа хошуучилж байна. Алтай, Булган, Манхан, Эрдэнэбүрэн сумд 5605-6901 ш мод тарьсан бол Ховд сум хамгийн бага буюу 150 ш мод тарьсан байна.

Жаргалант сумын хувьд ойн аж ахуй эрхэлдэг 12 аж ахуйн нэгж, албан байгууллага 10 гаруй төрлийн 2186055 ш мод үржүүлж ирсэн бол 2013 оны эхний хагас жилийн байдлаар  43632 ш мод нэмж тарьж, 2229687 ш модтой болсон байна. Үүний 95971 нь жимс-жимсгэнэ, 2106584 нь навчит мод, 16232 нь бутлаг ургамал, 460 нь шилмүүст мод байна./2. 3. 4. 5 дугаархавсралтууд/

Тус сумын  албан байгууллага, аж ахуйн нэгж 57155,5 метр квадрат талбайг зүлэгжүүлжээ. 2013 оны эхний хагас жилд 20 байгууллага мод тариагүй байна.Эдгээрийн ихэнх нь мод тарих, зүлэгжүүлэх талбайгүй болсон тохиолдол ч бий. Хамгийн олон мод тарьсан Ерөнхий боловсролын 1-7 дугаар сургуулиуд /400-800/, ХоИС, Политехник коллеж, Музей /120-300/ бусдыгаа хошуучилжээ. /6 дугаар хавсралт/

Мөн 12 багийн 610 өрх  24,5 га талбайд 5 зүйлийн 17250 ширхэг мод ургуулж ашиг шимийг хүртэж байна. Эдгээрийн ихэнх нь жимсний мод байна.

Ховд хотод хийгдэх ногоон байгууламжийг 27 чиглэлд хийхээр зураглал гаргаж 2013 онд 17 чиглэлийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. 2013 онд 6,4 га талбайг ургамалжуулахаар төлөвлөж, Байгаль орчны газар, “Ховд эрч хүч” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамтарч  Ховд хотын дотор 0,32 га талбайг зүлэгжүүлэн, цэцэгжүүлжээ.

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд орц-үүд, хашаа хайсандаа янз бүрийн цэцэг тарьж хэвшсэн нь сайшаалтай. Тасалгааны цэцгийн талаар манай аймаг эргэлт гаргаж чадсаныг бид бүхэн сайн мэднэ. Зөвхөн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэг 1000 цэцгийн баяр хийж байсан. Ховд хотод 505 ш цэцгийн мандал байна гэсэн судалгаа байна.

”Ногоон  хот” болох зорилтын  хүрээнд байгууллага,  хамт  олон  бүр  өөрсдийн  эзэмшлийн  бүс  болон  түүнээс  гадна орчинд 50 м-ийн  дотор  орших  газруудыг  зүлэгжүүлэх, цардмал зам тавих, боломжтой  газруудад нийтийн биеийн тамирын  талбай  байгуулах зэргээр  сул шороотой газаргүй  болгох, хотын  тохижилт  үйлчилгээний “Эрч хүч” компани, Хотын захирагчийн  ажлын албанаас хийж  байгаа  цэцэрлэгжүүлэлтийн  ажлыг  дэмжин, байгууллагынхаа  ойролцоо  байгаа ногоон байгууламж, хашлага,  зам  талбайн  бүрэн  бүтэн  байдлыг  хариуцан ажиллах гэсэн аймгийн Засаг даргын уриалгыг албан байгууллага, айл өрх, иргэд дэмжиж байгаа нь ИТХ-аас авсан санал асуулгаар батлагдсан байна.

2013 оны хувьд ногоон байгууламжийн асуудлаар Хөдөлмөрийн хэлтэс ажиллах хүчнийг, Байгаль орчины газар, “Ховд эрч хүч” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх асуудлыг, Ховд хотын Захирагчийн алба хамгаалалтыг хариуцан хамтран ажилласан нь үр дүнгээ өгчээ.

Гарсан үр дүн, хүлээгдэж байгаа үр нөлөө:

1.Ховд аймгийг “Ногоон Соёл Иргэншил”-тэй загвар аймаг болох эрх зүйн орчин бүрдсэн байна. Бид зорилгоо зөв тодорхойлжээ.

2.Ногоон байгууламжгүй байгууллага аймгийн төвд ч сумдын төвд ч үгүй байгаа нь “Ногоон хот” болох зорилт биелэгдэх боломж дүүрэн байгааг харуулж байна.

3.Ойн анги, мод үржүүлгийн 5 мэргэжилийн аж  ахуйн нэгж нь сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн мод, бут, суулгацны хэрэгцээг бүрэн хангахуйц нөөцтэй болжээ. Одоогийн байдлаар 100-150 га-д тариалах суулгацын нөөцтэй байна.

4. Аймгийн Засаг дарга Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш нартай ногоон байгууламжийн асуудлаар зангиагүй уулзалт хийж, Байгаль орчны газраас иргэдэд теле хичээл 2 удаа явуулж, аймгийн хэвлэлүүдээр зөвлөмжүүд хэвлүүлсэн нь зохих үр дүнгээ өгч байна.

5.Энэ салбараас олон улсын нэрэмжит шагналтан, гавъяат төрсөн явдал иргэдийн  ногоон байгууламж байгуулж, түүний үр шимийг хүртэж өдөр бүрийн амьдралынхаа хэрэгцээг эндээс хангах бололцоотой гэдгийг ойлгоход нөлөөлсэн гэж үзэж болох юм.

6.Хамгийн гол үр нөлөө бол манай хүүхэд, багачууд гудамж талбайд тарьсан зүлэг, ногоо, цэцэгсийг сүйтгэхээ больж, хайрлан хамгаалдаг болжээ. Мал бүхий иргэд малаа гудамжаар хамаагүй бэлчээж ногоон байгууламжуудыг сүйтгүүлж болохгүй гэдгийг ойлгож эхэлсэн байна. Энэ нь хүүхэд багачууд, иргэдэд олон улсын байгууллагын үүсгэл санаачилгаар олон төрлийн сургалтуудыг сүүлийн  жилүүдэд зохион байгуулсны үр дүн юм. Аймагт Байгаль орчны газар байгуулагдаж сүүлийн хэдэн жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүн бас нөлөөлсөн. Швåцарын хөгжлийн  агентлагийн цөлжилтийг сааруулах төсөл, Мерси кор Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр иргэд, хүүхэд багачуудын экологийн боловсрол дээшилсэн байна.

7.Нөгөөтэйгүүр Байгаль орчны газар, Ойн анги, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгжүүд болон шинээр байгуулагдсан “Ховд эрч хүч” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилчдын нөр их хөдөлмөрийн үр дүн гэж дүгнэлээ.

8.Ерөнхий боловсролын 14 сургууль эко сургуулийн болзол хангасан байна.

9.Жаргалант сумын золбин нохдыг устгасны үр нөлөө бас байна гэж үзэж байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмж:

1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 55 дугаар тогтоолын биелэлтийг хангах

2.Хотын дотор ирээдүйд ямар нэгэн барилга, байгууламж баригдахгүй халцгай газрын хэмжээг нарийвчлан тогтоон зураглал хийж, түүнийг цэцэрлэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог 2013 онд багтаан хийж, эх үүсвэрийг олох

3.Аймаг, сум хөгжүүлэх сангийн тодорхой хувийг жил бүр ногоон байгууламж бий болгоход зарцуулж байх тухай аймгийн ИТХ-ын шийдвэр гаргуулах

4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ирж буй санхүүгийн дэмжлэг, бусад олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг энэ асуудалд чиглүүлэх

5. Мод тарьж, зүлэгжүүлэх ажилд бусдыгаа хошуучилж ажилласан албан байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, хувь хүмүүсийг урамшуулах тусгай журам гаргаж мөрдөх, жил бүр тарих модны тоо, төрөл зүйлийг олшруулах

6.Хотын үзэмжинд чухал ач холбогдолтой манайхтай хөрс-цаг уурын ижил нөхцөлтэй гадаадын хотуудад үржүүлдэг гоёл чимэглэлийн модуудыг оруулж ирэх, үржүүлж баг, сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх

7.Ойн ангийг мод үржүүлгийн талбайтай болгох

8. Сангийн хэрэмийн дотор тусгай тор татаж чацарганы плантац/төгөл/ байгуулах

9.Ойн аж ахуй эрхлэх аж ахуйн нэгж, хоршоо-нөхөрлөл, иргэдийг стандартын тор, хамгаалалтын хайс, дуслын бороожуулагчаар хангах

10.Жаргалант сумыг мэргэжилийн Дендрологичтой болгох

11.Одоо ногоон байгууламжгүй байгаа албан ёсны зөвшөөрөлтэй гуанз, ресторан, зоогийн газар, ТҮЦ, дэлгүүр, машин угаалга, засварын газрууд, хоршоо-нөхөрлөлүүдтэй Жаргалант сум, Байгаль орчны газар гэрээ хийж ногоон байгууламжтай болгох

12.Сумдын газар тариалангийн талбайн хөрсийг салхины эвдэрлээс хамгаалах ойн зурвастай болгох

13.Газар тариалан эрхэлдэг сум бүрт мэргэжлийн агрономич ажиллуулах

14. “Ногоон хот” аяны хүрээнд шат дараалсан сургалтыг баг, байгууллага, аж ахуйн нэгж, сургуулийн сурагчид иргэдийн дунд байнга зохион байгуулах, зөвлөлдөх уулзалтууд хийх, хэвлэл мэдээлэлд ногоон байгууламжийн ач холбогдлыг сурталчилсан цуврал лекц нийтлүүлэх, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх

15.Ногоон байгууламжид гарч болзошгүй өвчин, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг холбогдох байгууллагын төсөвт жил бүр тусгаж өгч байх

Эцэст нь аймаг ногоон байгууламж бий болгох талаарх дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бүрдсэн байна гэж дүгнэв.

 

ТАЙЛАН БИЧСЭН: ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ,

ҮНЭЛГЭЭНИЙ ТАСГИЙН ДАРГА                   Х.ДАРЬГЕРХАН

ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                             Б.БАТМӨНХ

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us