Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, аймгийн “Ногоон хөгжлийн хөтөлбөр”-т ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулна хэмээн заасан. Үүний хүрээнд хөтөлбөрийг боловсруулах  мэргэжлийн баг ажиллаж байгаа бөгөөд 09 сарын 03-ны өдөр “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож хөтөлбөрт тусгах саналаа илэрхийллээ.

Хөтөлбөрийн зорилго нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх, салбарын үйлчилгээний чанарыг дэлхийн стандартад нийцүүлэх, аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүс, улс, дэлхийн хэмжээнд сурталчилж, аялал жуулчлалын салбараас орох орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид аймаг орон нутгийнхаа онцлог давуу талыг түлхүү ашиглах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж байгаа талаар аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр саналаа хэлж байлаа.

Дэлхий нийтээр тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зарчмыг нэвтрүүлэх талаар ярьж буй өнөө үед сөрөг нөлөөлөл багатай, эдийн засгийн үр ашиг ихтэй салбар болох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь зүй ёсоор гарч ирж байгаа билээ. Аялал жуулчлал нь эдийн засаг, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм-соёлын хөгжил, уламжлалт зан заншил, байгаль орчноо хадгалан хамгаалах зэрэг өргөн хүрээг хамарсан чухал салбар юм. Иймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг ийнхүү шат дараатайгаар хэлэлцэж байна.  

- share

Сэтгэгдэл (0)