Энэ сарын 9-ны өдөр аймгийн хэмжээнд бүх сум багуудын төлөөлөл оролцсон малчин, удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ-ны сайд болон аймгийн удирдлагууд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй, цаг үеэ олсон ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэдгийг оролцогчдын зүгээс сайшааж байлаа.

Энэхүү зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлага, Газар тариалангийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлага, Мах экспортлох боломж, малчин хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэх зэрэг мэргэжлийн бодлого төлөвлөлтийн газруудын мэдээллийг сонсож оролцогчид санал хүсэлтээ илэрхийллээ. Түүнчлэн Өвөлжилтийн бэлтгэл ажил хангалт, онцгой байдлын үед авах арга хэмжээ, Ховд аймгийн бэлчээрийн төлөв байдал, өвөлжилт, хаваржилтын цаг агаарын нэгдсэн мэдээлэл, Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөгөө зөвлөмж бүхий мэдээлэл өглөө.

Ийнхүү зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж гарган оролцогчдод танилцуулж зөвлөмжийн төслийг баталлаа. Мөн уг арга хэмжээний төгсгөлд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар шагнагдсан 14 малчны шагналыг гардуулан өгөв. Энэ жилийн хувьд нийт нутгаар зуншлага муу байсан учраас мал сүрэг тарга хүч тааруу авсан. Дээр нь цаг агаарын урьдчилсан төлвөөр цас ахуй орж хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа учраас өвөлжилт хүндэрч болзошгүй тул өвлийн бэлтгэлээ эртнээс сайн базаахыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс анхаарууллаа. Харин малчдын зүгээс бэлчээрийн даац хэтэрсэн, малчид руу чиглэсэн нийгмийн асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

  Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)