“Цэвэрч Ховдчуудболзолт уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй нийтийг хамарсан их цэвэрлэгээний гурав дахь удаагийн хог цэвэрлэх ажил өнөөдөр явагдлаа. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн байгууллагуудын албан хаагчид аймгийн төвийн доод хэсэг буюу Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах Шаварын  тохойгоос Улаан богоч хүртэлх газар болон Бичигт багийн нутаг дэвсгэрүүдийг цэвэрлэлээ.

Амьдарч буй орчноо цэвэрлэж хог хаягдлаас салгах, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, цэвэр, ногоон орчин бий болгох үүднээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хийгдэж буй энэхүү их цэвэрлэгээний ажилд иргэд, аж ахуй нэгж, албан хаагчдыг өргөнөөр оролцохыг аймгийн Засаг даргын зүгээс уриалж захирамж гаргасан. Тэгэхээр энэхүү арга хэмжээнд хүн бүр өөрсдийн орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй юм.

Өнөөдрийн энэхүү их цэвэрлэгээний ажилд зарим нэр бүхий төрийн байгууллагууд төдийлөн ирц бүрэн оролцоогүй бөгөөд ажил дуусаагүй байхад явсан зөрчил дутагдлууд гарч байлаа. Ийнхүү идэвх муутай оролцож байгаа аж ахуй нэгжийн удирдлагуудад зохих арга хэмжээ авах юм. Харин иргэдийн хувьд хашаа хороо болон орчин тойрныхаа гаднах хог хаягдлыг цэвэрлээгүй тохиолдол их байлаа. Энэ нь эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоо өөрсдөө зөрчиж байгаа явдал юм. Тэгэхээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд цаашид хог хаягдлаа цэвэрлэж, нийтийг хамарсан ажилд идэвх зүтгэлтэй оролцох нь чухал юм.

Ж.Саруул

- share

Сэтгэгдэл (0)