Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн төвийн эрүүл мэндийн салбарын зарим байгууллагуудаар орж үйл ажиллагаатай нь танилцан, сургалт мэдээлэл өгч, харилцан санал солилцож, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн. Мөн салбарынхаа эмч мэргэжилтнүүдтэй Баасан гарагт нэгдсэн уулзалт хийлээ. Энэхүү уулзалтанд яамны ажлын хэсэг болон аймгийн Засаг дарга Д.Галсандондог, НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нар болон аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.  

2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг яамны дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтынхаа төгсгөлд онцолж байлаа. Түүнчлэн Ховд аймагт хэрэгжихээр олон жил яригдаж байгаа Бельгийн Засгийн газрын санхүүжилтээр хийгдэх БОЭТ-ийн өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил ирэх онд хэрэгжихээр болж байгааг тэрээр дуулгалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас уг төсөлд оруулах ёстой нэг тэрбум төгрөгийн 700 саяыг 2018 оны төсөвт суулгасан бөгөөд үлдсэн 300 сая төгрөгийг төсвийн тодотголоор оруулахаар хэлэлцэж байгаа гэнэ. Эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж нь хүйтний улиралд холоос тээвэрлэх боломжгүй байдаг тул дулааны улирал эхлэх үеэр буюу ирэх оны гуравдугаар сараас эхлэн нийлүүлэгдэхээр болж байгаа гэнэ.   

Уулзалтын үеэр эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал болон цалин хөлс дутмаг байдаг, гадны улс оронд сурч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг зэрэг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломж төдийлөн хангагдаж чадахгүй байгааг зарим эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнд дэд сайд “цалин хөлсний хувьд улс орны эдийн засаг өнөөгийн байдлаар хүнд байгаа үед цалин болон бусад нийгмийн асуудлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Мөн яамны зүгээс жил бүр тодорхой тооны хүмүүсийг гадны улс оронд сургах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Харин та бүхэн яам болон орон нутгийн холбогдох салбарын байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж, санал хүсэлтээ илэрхийлж байх хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн түүнчлэн мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан үүрэгт ажлаа хариуцлагатайгаар хийж хэрэгжүүлэхийг салбарын эмч мэргэжилтнүүддээ анхаарууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй амжилттай ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулсан бөгөөд сайдын гарын бэлэг болон бусад эмнэлгийн жижиг аппарат хэрэгслийг Эрүүл мэндийн газарт гардуулан өглөө.  

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)