Өнөөдөр аймгийн онцгой комисс хуралдлаа. Энэхүү хурлаар, ХАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хангаж байгаа байдал, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил болон халаалт дулааны нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад явж байгаа бөгөөд одоогоор 80 гаруй хувийн биелэлттэй байгаа гэнэ. Хадлан тэжээл бэлтгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд энэ өвөл 24000 гаруй мал өвөлжих юм. Үүнтэй холбогдуулан нийт 60 мянган тн хадлан бэлтгэх аюулгүйн нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 90 гаруй хувийн биелэлттэй байгаа ажээ.

 

Харин хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл болон байр орон сууцны халаалт дулааны асуудлууд хүндрэлтэй байгаа юм. Учир нь олон жил болсон шугам сүлжээнүүдэд доголдол гарч байгаа тохиолдлууд нэлээд байгаа. Үүнээс улбаалан хэд хэдэн байруудад шугам засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим нэр бүхий байруудыг түр халаалтаар хангах боломгүй байгаа юм. Тухайлбал, Хангамжийн 27 айлын орон сууц, Тулгын 30 айлын орон сууц, Усны аж ахуйн 24 айлын орон сууц, 24 айлын орон сууц, 2-р 60 айлын орон сууц, 36 айлын орон сууц, Оюу мандлын 1-р 30 айлын орон сууц зэрэг газруудад “Шим ус” ОНӨҮТААГ засвар хийж байгаа учраас халаалтыг түр зогсоож засвар хийж байгаа юм байна. 

Харин ЭСБА-ын 2-р 80 айл буюу цагаан 9 давхар орон сууцны халаалтыг зогсоосон байна. Энэ нь Эрчим хүчний тухай хууль болон бусад халаалт дулаан олгохтой холбоотой журам заавруудыг зөрчин давхар бүртээ буюу дөрвөн айлын дунд нэг насос, мөн байрныхаа доор давхарт нэгдсэн насос тавьсан зэрэг зөрчилтэй байгаа юм. Тиймээс энэхүү зөрчлийг арилгуулах үүднээс халаалтыг өнөөдрөөс дахин зогсоож компанид зөрчилөө арилгуулах шаардлагыг тавилаа. Өмнө нь МХГ болон “Бадамлах дөл” дулааны станцын захиргаанаас албан ёсны шаардлагыг удаа дараа тавьж байсан ч шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг талууд онцолж байлаа. Энэ бүхний цаана иргэд хохирч байгаа юм. Хэдийгээр өндөр үнэтэй байранд орсон ч үнэ цэнийг нь хүртэж чадахгүй хохирч байгаа учраас нэн даруй яаралтай арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргын зүгээс анхааруулж халаалт дулааныг хэвийн олгох хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахыг онцгой комисст үүрэг болголоо. 

Энэхүү хуралдаанаар онцгой комиссын гишүүд аймгийн төвийн байр, орон сууцнуудыг хувиарлан авч халаалт дулаан жигдрэх хүртэл хариуцан ажиллахаар боллоо. Нийт 20 хэсэгт хуваагдаж комиссын гишүүд Шим ус болон дулааны станцуудтай хамтран шуурхай хяналт тавьж ажиллах шийдвэр гарлаа. 

   

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (1)

  • зочин

    УАА-24 айлын орон сууцныхын халаалтаа авмаар байнаа. Хүүхдүүд даараад ханиад хүрээд хатгалга авчихлаа.

    2017-10-12 11:12:26