Өчигдөр аймгийн онцгой комиссын гишүүд аймгийн төвийн байр орон сууц болон аж ахуй нэгжүүдийн халаалт дулааны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж хуралдлаа. Онцгой комиссын гишүүд аймгийн төвийн ААН болон байр орон сууцнуудыг 20 хэсэгт хуваан тус бүрдээ хариуцаж халаалт дулааны асуудлыг цаг алдалгүй хариуцаж шийдвэрлэж байхаар болсон. Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн ээлжит явцын мэдээллийг хийсэн юм. Одоогоор хоёр дулааны хувьд тус бүр нэг зуухаар галлаж байгаа бөгөөд зарим нэр бүхий байр орон сууцнууд шугам сүлжээний гэмтэл, засварын улмаас халаалт доголдолтой байгаа газрууд байна. Тухайлбал, Тулгын ногоон 30 айлын орон сууц, УАА-н 24 айлын орон сууцууд магистрал шугам гэмтэлтэй учраас халаалт огт аваагүй байна. Үүнд “Шим ус” ОНӨААТҮГ засвар хийхээр байгаа. Мөн Алтайн буйлаастын байр халаалт доголдолтой байна, Цэргийн ангийн цэргийн байрны 3 давхар, тус ангийн ажилчдын 12 айлын орон сууцны 3 давхар мөн халаалт муу байгаа зэрэг асуудалтай байгааг хариуцсан ажлын хэсгийн жижүүрүүд мэдэгдлээ. Түүнчлэн Буянтын боргиогын байр халаалт сулавтар, Гүн чандманы 1, 2-р байр халаалтгүй байсан бөгөөд өчигдрөөс гэмтлийг засварлаж халаалтыг өгч эхлэсэн байна. 2-р 60 айлын орон сууцны 1 орцноос бусад нь шугамын засвартай байгаа учраас халаалт өгөгдөөгүй байна. 

Мөн ЭСБА-ийн байрууд халаалт доголдолтой байна. Учир нь шинэ ашиглалтанд орсон 9 давхар байранд халаалтын горим буруу хийгдсэнээс болж насос ажлуулж халаалтийнхаа асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнээс болж хажуугийн хоёр байрных нь халаалт доголдож байгаад иргэд оршин суугчдын зүгээс гомдол ихээр ирж байгааг аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох газруудад асуудлыг нэн даруй шийдвэрлэж  хүйтрэхээс өмнө тухайн барьсан компанитай хамтран халаалтын асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо. Харин бусад байр орон сууцнуудын хувьд халаалт харьцангуй хэвийн байгааг комиссын гишүүд мэдээллээ.   

- share

Сэтгэгдэл (0)