Боловсролын үнэлгээний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн мэргэжилтнүүд Ховд аймагт 10 сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж байна. Боловсролын үнэлгээний төв, Ховд аймгийн БСУГ хамтран доорх сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Энэхүү сургалт, арга хэмжээний нээлтийг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэг дээр 10 сарын 19-ны өдөр хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг, БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж, БСШУЯ-ны СӨБ-ын сургагч багш, доктор Д.Норжхорлоо нар болон СӨБ-ын байгууллагын эрхлэгч, арга зүйч, багш нар оролцлоо.   

Энэ хүрээнд Жаргалант сумын төрийн өмчийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, арга зүйч, эрхлэгч нарт “Цөм хөтөлбөрийн сургалт” болон “Хүүхдийн чанарын үнэлгээ хийх, үнэлгээний даалгавар боловсруулах, үнэлгээний аргачилал”-ын талаар сургалтуудыг явуулж байна.   

Мөн түүнчлэн “Үр дүнд суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургуулийн сургалтын менежер, Байгалийн ухааны багш, Математикийн багш нарт явуулж байна. Тодруулбал, Байгалийн ухааны болон математикийн сургалт, үнэлгээний даалгавар боловсруулах аргачилалд багш, менежерүүд суралцсанаараа хүүхдээ зөв үнэлэх, шалгалтаа зөв авах, хүүхдүүдээ хөгжүүлж, хөтөлдөг шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулдаг арга зүйд суралцана. Цаашдаа энэ багш нараар дамжуулаад сургуулиудад  нь сэдэв даалгаврыг боловсруулах шаталсан сургалтууд хийхээр зорьж байгаа юм.   

Эдгээрээс гадна уг арга хэмжээний хүрээнд аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12-р анги төгсөгчдөд ЭЕШ-нд хэрхэн бэлтгэх, ЭЕШ-ын даалгаврын тавилттай холбоотойгоор зөвлөгөө мэдээлэл өглөө. Ингэхдээ өмнөх онуудад хүүхдүүд ямар даалгаврууд дээр илүү алдаж байв, ямар даалгавруудыг  илүү оновчтой хийж байсан бэ, даалгавраа хэрхэн бэлтгэх вэ гэдэг дээр холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Сурагчдын хувьд их идэвхтэй ирж оролцсон бөгөөд ЭЕШ бол тухайн хүүхдийн ирээдүйг тодорхойлох хамгийн чухал шалгалт байдаг. Тиймээс шалгалтандаа эртнээс сайн бэлтгэж хүссэн мэргэжлээ сонгоход нь энэхүү сургалт, зөвлөгөөн нэлээд үр дүнтэй болж байна гэдгийг онцолж байлаа.       

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)