Ховд аймгийн хэмжээнд “Малчиддаа тусалъя” сайн санааны аян зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулан аяны үйл ажиллагааг 11 сарын 1-нд хийхээр бэлтгэж байна. Энэхүү аян нь 11 сарын 1-ээс 2018 оны 2 сарын 1-ны өдрийг хүртэл явагдах юм. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх сумдаар өвөлжилт  хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын өрх, иргэдэд туслах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагууд хамрагдаж сэтгэлийн хандив тусламж үзүүлэх юм.

            Энэхүү удирдамжийг хэрэгжүүлэн малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг уурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлсэн нийт ард иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулах бөгөөд иргэд олон нийт та бүхнийг идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

- share

Сэтгэгдэл (0)