Өнөөдөр Засгийн газрын цахим хурал боллоо. Энэхүү цахим хурлаар дараах дөрвөн асуудлын талаар үүрэг чиглэл өгч үйл ажиллагаандаа мөрдлөг болгон шуурхай хэрэгжүүлж ажиллахыг аймгуудын Засаг дарга нар болон бусад удирдлагуудад анхааруулсан юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 сарын 26-ны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах тухай, Төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай, Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллах тухай, 11 сарын 17, 18-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын нэгдсэн семинар болох тухай зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгч аймгуудын санал хүсэлтийг сонслоо.  

Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Т.Занданшатар хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдын албан даалгаврын тухайд манай оронд үүсээд байгаа хямрал бол нийгэмд шударга ёс алдагдсаны үр нөлөө бөгөөд үүнийгээ дагаад санхүүгийн сахилга бат алдагдсан гэж үзэж байна. Мөн удирдах удирдуулах ёс алдагдасан, Авлигын хяналтын тогтолцоог сайжруулах үүднээс 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж эрс өөрчлөлтийг гаргах шаардлагатай байна. Засгийн газраас шийдвэрлээд байгаа төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажилтнуудын ажлын ур чадвар, бүтээмж, үр дүнгээс хамаарч олгох хэрэгтэй. Хамгийн гол нь урамшууллын механизмийг хариуцлагын механизмтай хамт шийдвэрлэх хэрэгтэй шүү гэдгийг онцолсон юм. 

Төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай мэдээлэл Орон нутгийн эрх мэдлийг сайжруулах орон нутгийн түр хороо байгуулж, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх юм байна. Мөн боловсон хүчний төвлөрлийг сааруулж босоо тогтолцооноос хэвтээ тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Харин Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газраас аймгуудад нийт дүнгээр 400 тэрбум төгрөг хувиарилж байгаа юм байна. Энэ хүрээнд өвс тэжээлийг нөөцийг нэмэгдүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа. Мөн ОХУ-аас Засгийн газрын шугамаар тэжээл оруулж ирэхээр хэлэлцээр хийгдсэн байна. Түүнээс гадна орон нутгууд дор бүрнээ малчдын хувийн бэлтгэлийг сайн хангуулах тал дээр анхаарч ажиллах, аймгийн төв сум суурин газрын шатахууны нөөцтэй байх тал дээр анхаарах. Өвлийн улиралд гол асуудал болдог агаарын бохирдол өндөртэй газарт цахилгааны хөнгөлөлтийг мөрдөж ажиллах зэрэг чиглэлүүдийг үүрэг болголоо.  

Ингээд аймгийн удирдлагуудыг 11 сарын 17-18-ны өдрүүдэд болох нэгдсэн семинар арга хэмжээнд бүрэн оролцохыг үүрэг болгосон бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, үүрэг чиглэлийг энэ хурлаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгасан юм. 

Тус цахим хурлаар Ховд аймгийн зүгээс аймгийн Засаг дарга Д.Галсандондог дараах гурван асуудлыг онцолж нэн тэргүүнд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгаа талаар Засгийн газарт санал тавилаа. Тухайлбал, Иргэдийн халамжийн мөнгөний санхүүжилт төсвийн орлого биелэхгүй байгаатай  холбогдуулан халамжийн сангийн 439 сая төгрөгийн өр бий болоод байгааг шийдвэрлэж өгөх, Өнгөрсөн жил гарсан Мялзан өвчнийг дарах хүрээнд ажилласан зардлын санхүүжилтийн дутууг гүйцээж олгох, Мөн төл маланд хийгдэх Мялзан өвчний эсрэг вакцинийг нэн даруй нийлүүлэхгүй бол саяхан мянгад суманд төл маланд Мялзан өвчин илэрч яаралтай арга хэмжээ авсны үндсэн дээр арилгалаа. Тиймээс нэн даруй энэхүү вакцинийг орон нутагт нийлүүлэх шаардлагатай байгаа зэрэг дээрх асуудлуудыг онцлон санал болгож Засгийн газарт хүсэлт гаргалаа.

  

- share

Сэтгэгдэл (0)