Аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд Малчиддаа тусалъя сайн санааны аяныг өрнүүлэхээр болж Ард Аюушийн талбайд аяны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Гурван сарын турш үргэлжлэх Малчиддаа тусалъя аяны нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Онцгой байдлын газрын дарга Т.Алтанбадралт, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон бусад удирдах ажилтнууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо

Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй малчин өрхийн 4 сая гаруй мал өвөлжинө. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд өвс ногоо муу ургаж, хуурайшилттай байж, бэлчээрийн даац хэтэрсэн учраас өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Малчиддаа тусалъя аяныг эхлүүлж байгаа юм

Малчиддаа тусалъяаяны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог: аймгийнхаа нийт Малчин өрхүүдэд сайн санааны үүднээс туслах зорилготой уг аянд албан байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэд хөдөлмөрчид бүгд нэгдэж, өвс, тэжээл, бараа эд материалаар хандив өргөн иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалсан бөгөөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5 сая төгрөг, 30тн өвс, 10 тн тэжээлийг малчиддаа хандивласан юм. Мөн аймгийн ЗДТГ-ын хамт олон 100 тн өвс\пресс\, 100 ширхэг бээлий, 132 ширхэг малын нэмнээ, 50 боодол саван, 50 боодол шүдэнз, лаа зэргийг хандивласнаар тус аяны үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Аяны хүрээнд аймгийн ЗДТГ-аас 4 ажлын хэсэг томилогдон ажиллах бөгөөд аймгийн төвийн 91 байгууллага, 17 сумын 91 багийн иргэд, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж, малчдад зориулсан хандив, бараа эд материал цуглуулах юм 

Мөн аяны нээлтийн үеэр Мерси Кори олон улсын байгууллагын Ховд салбарын дарга Б.Батсүх хэлсэн үгэндээ Монгол улсын аварга, сайн малчид зудын гамшгийг хэрхэн даван туулсан тэргүүн туршлагуудыг багтаасан Зудыг давсан зузаан туршлага номыг Монгол, Казак хэлээр 1500 ширхэг хэвлүүлэн аймгийнхаа малчдын гар дээр хүргэхээр болсныг уламжилсан юм. Үүнээс гадна н.Тодбаяр эрхлэгчтэй 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон 1 машин өвс,Ховд зочид буудлын хамт олон 100 ширхэг малын нэмнээ, аймгийн ХДТ-ын хамт олон өвөл цагийн нээлтийн үйл ажиллагаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг хандивлах, Т.Эрдэнэцэцэг даргатай Нийтлэг үйлчилгээний хэлтсийн хамт олноос 32 боодол лаа, шүдэнз, 32 ширхэг малын нэмнээ, 50 боодол саван гэх мэтээр нэлээдгүй байгууллага, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс малчдад зориулан хандив өгч, Малчиддаа тусалъя аянд идэвхитэй оролцож байна    

- share

Сэтгэгдэл (0)