Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн Ховд аймаг дахь салбар танхим хамтран Алтайн бүс нутгуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын “жилийн хурал”-ыг энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

  

Тус хурал нь Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Алтайн бүс нутгийн аймгуудын хооронд хийгдэх худалдааг өргөжүүлэх, хөнгөвчлөх, хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад төр захиргааны байгууллагууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байсан бөгөөд “Гурван улсын худалдааг хөнгөвчлөх хөгжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд төр захиргааны байгууллагууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

 

Уг хуралд БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймаг болон Монгол орны баруун бүсийн тулгуур Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, менежер болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо. Харин ОХУ, Казакстан улсын ХАҮТ-ын төлөөлөгч нар замын хүнд нөхцөл байдлаас шалтгаалаад хүрэлцэн ирээгүй байна.

Хуралд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Увс аймгийн ХАҮТ-ын дарга, Баруун бүсийн ХАҮТ-ын дарга С.Сэржим, ХАҮТ-ын Ховд салбар танхимын дарга Ө.Түвдэндорж нар хурлын нээлтэнд оролцож бүс нутгийн эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудал бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад холбогдох асуудлуудын талаар мэдээлэл хийж илтгэл тавилаа. Мөн БНХАУ-ыг төлөөлж ШУӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга Лю Ган, ШУӨЗО-ны Цахим худалдан авалт компаний захирал Ху Ү Жиа, “Ке Лан Юуан” загасны гаралтай бүтээгдэхүүн ХХК-ийн захирал Ван вэй, “Жи Бай Хуй” худалдааны төвийн дарга Сүн Жин Чен нар оролцсон юм.   

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ, “Ховд аймаг нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх замаар гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдийг татах, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэн ”бизнест ээлтэй аймаг” болох зорилт тавин ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд нийт 2380 орчим аж ахуй нэгж, иргэд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 8.9 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, дотоодын нийт бүтээгдэхүүний 40.1 хувийг эзлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа” гэдгийг онцлон дурьдлаа. Түүнчлэн БНХАУ-ын Такешкан боомтын үйл ажиллагаа орон нутгийн бизнес эрхлэгчдэд нэлээдгүй хүндрэл учруулдаг. Татвар, ачааллыг бууруулах талаар олон удаа ярилцаж, нэгдмэл саналд хүрсэн боловч бодит байдал дээр ажил болж хэрэгжихгүй байгааг мөн дурьдсан юм. 

Тус хурлын хүрээнд “баруун бүс нутийн хөгжил, хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам”, “Алтайн бүс нутгуудын ХАҮТ-уудтай хамтран ажилласан туршлага”, Булган боомтын хилийн хорио цээрийн хяналтаар хэрэгжүүлж буй дүрэм журам, Гаалийн газрын үйл ажиллагаа, баримталж буй зарчмын талаар холбогдох мэргэжилтнүүд тус тус илтгэл тавьсан бөгөөд Баруун бүсийн 5 аймгийн Худалдаа Аж үйлдвэрийн салбар танхимуудын дарга нар мөн мэдээлэл хийлээ 

Мөн хурлын үеэр баруун бүсийн аймгуудын ХАҮТ-ын удирдлагууд орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарыг дэмжин хөгжүүлэх замаар ноосон бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, арьс, ширэн бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн \үндэсний хувцас\, мод, модон бүтээгдэхүүн, тэжээл, тэжээлийн үр үйлдвэрлэл эрхлэн ОХУ, БНХАУ-руу экспортлох, хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, цахим худалдаа явуулах, бизнес эрхлэгчдийн туршлага судлах аялал зохион байгуулах, хөрөнгө оруулалтын тал дээр хамран ажиллах, гурван улсын хилийн боомтуудыг олон улсын статустай болгох, баруун аймгийн иргэдийг БНХАУ-ын Үрүмч хотын эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг болгох зэрэг саналуудыг гаргасан юм.

Харин БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дарга Лю Ган: Баруун бүсийн аймгуудийн бизнес эрхлэгчидтэй загас, адуу болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортлох, онлайн худалдаа явуулах тал дээр хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг онцлов. 

Хурлын үр дүнд БНХАУ-ын цагаан сарын баярын өмнө баруун аймгуудын хамтарсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар боллоо. Мөн оролцогч талууд хамтарсан цахим худалдаа явуулах, бизнес эрхлэгчдийн туршлага судлах аялал зохион байгуулахаар болсон юм. Үүнээс гадна БНХАУ-ын ШУӨЗО-ны төлөөлөгч нар хилийн боомтуудыг олон улсын статустай болгох талаар, эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээний талаар тус улсын дээд удирдлагууд болоод салбарынханд уламжлахаар болов.

Энэхүү хурал нь гурван улсын худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх гарцыг тодорхойлох замаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах, улмаар төр засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогуудыг хэрэгжүүлж, импорт экспортын бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн чанарыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой байлаа.  

- share

Сэтгэгдэл (0)