Ахуйн үйлчилгээний салбарын үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, тус салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадвар, үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Хөдөлмөр, Халамж, үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчлал, хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Ховд Хөгжил Политехник коллеж, аймгийн Үйлдвэрлэл хоршоодын холбоодтой хамтран "Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийг энэ сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцож ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт үйлдвэрлэгчдэдээ ажлын амжилт хүсэн, энэ салбарыг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах боломж байгаа талаар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим асуудлыг танилцуулав. Хамгийн гол нь ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсадын өмнө тулгамдсан болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж бодит ажил зохион байгуулах нь энэхүү өдөрлөгийн нэг чухал зорилт байлаа.   

Мөн түүнчлэн тус өдөрлөгийн хүрээнд сургалт зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ оёдолчин, үсчин, гуталчдын дунд ур чадварын уралдаан, спортын тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион явууллаа. Оёдолчдын ур чадварын уралдаанд Жаргалант суманд үйлчилгээ эрхэлж буй 20 гаруй оёдолчид оролцож, 3 цагийн дотор "Монгол цамц урлах" даалгавраар өрсөлдсөн байна. Уралдааны дүн гарахад оёдолчин О.Насанбуян 1-р байр, оёдолчин А.Бадамханд 2-р байр, оёдолчин Б.Болорчулуун 3-р байранд тус тус шалгарсан бол энэ үеэр зохион байгуулсан Загвар үзүүлбэрийн төрөлд 20 гаруй хүн оролцсоноос Ч.Энхээгийн бүтээл 1-р байр Н.Туяагийн бүтээл 2-р байр, Жавзанхандын бүтээл 3-р байранд шалгарсан байна.      

- share

Сэтгэгдэл (0)