Улсын хэмжээнд 12 сарын 7-ны өдрөөс мал тооллогын ажлыг орон даяар эхлүүлсэн. Энэ оны мал тооллогын дүн мэдээ 12 сарын 17-нд эцэслэн гарах бөгөөд манай аймгийн сум, багуудад ажиллаж байгаа тооллогын комисс 16-ны өдөр гэхэд мал тооллогын урьдчилсан дүн мэдээг гаргах юм. Энэ жилийн хувьд нийт мал сүргийн тоог үнэн бодитоор гаргахаас гадна малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахтай холбоотойгоор малчдаас асуулга, судалгаа авах үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байгаа. Мөн аймгийн аварга, улсын аварга малчны болзол хангахуйц малчдын малыг нэг бүрчлэн, үнэн зөв тоолох ажлыг үүрэг болгосон байна.

Манай аймгийн хувьд өнгөрсөн 6 дугаар сард 680 гаруй мянган төл хүлээн авч ойролцоогоор 3800 мянга орчим толгой малтай болсон. Одоогоор өвөлжилт өнөтэй, дулаахан, цас багатай байгаа хэдий ч нийт сумдын 70 орчим хувьд газрын гарц муу, зундаа гандуу байснаас өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа. Тухайлбал Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн зэрэг сумдад өвөлжилт тааруу байгаагаас малчид ойролцоох сумд руу отор нүүдэл хийж байна. Үүнтэй холбоотойгоор өвс, хадлан тэжээлийн нөөцөө сумд дор бүрнээ бүрдүүлсэн байгаа бөгөөд төсвийн тодотголоор манай аймагт 300 сая төгрөг хувиарлагдсаныг тендер зарлаж өвс, тэжээл нөөцлөх ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.   

- share

Сэтгэгдэл (0)