Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний гаралт ихэссэн. Хэдийгээр цэцэрлэг, сургуулийг амрааж, ханиад томууны гаралтыг багасгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа ч өвчлөгсдийн тоо буурахгүй байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргаж, БОЭТ-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуусан. Ажлын хэсгийнхэн өчигдөр БОЭТ дээр ажиллаа. Тус ажлын хүрээнд БОЭТ-ийн үйл ажиллагаа, эмнэлэгийн байрны эрүүл ахуй, орчин нөхцөл, цахилгаан, дулаан хангамж зэрэгтэй танилцлаа. Мөн тасгуудын өрөө болгоноор орж эмчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонсож, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодрууллаа.  

Ажлын хэсгийнхний хуралдааны үеэр эмч, мэргэжилтнүүд эмнэлэгийн байрны 3-р давхрын халаалт муу, дулаан алдагдлаас болж эмчлүүлэгчдийн тав тух алдагдаж байгааг хэллээ. Мөн тогны хэлбэлзлээс болж ургийн дижитал аппарат, зүрхний эхо, рентгений аппаратууд зэрэг чухал хэрэгцээт тоног төхөөрөмжүүд удаа дараалан эвдэрсэн учраас цахилгааны асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

БОЭТ нь өнөөдрийн байдлаар 406 ажилтантай, 256 ортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 287 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Амбулаторын нийт үзлэгийн 17,5 хувийг томуу эзэлж, эмч мэргэжилтнүүд ачаалалтай ажиллаж байна. Тиймээс тулгамдаад буй дээрхи асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.  

- share

Сэтгэгдэл (0)