“Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт  2015-2025” бодлогын баримт бичигт эдийн засгаа дэмжих, эко системийн тогтвортой байдлыг хадгалах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор авто замын бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгасан байдаг. Үүний дагуу Засаг даргын орлогч Ш.Батсүхийн даалгавраар “Гео зураглал” ХХК аймгийн төв дотор тавих 10 км  хатуу хучилттай замын нарийвчилсан зураг төсөл, Ховд - Чандмань чиглэлийн 62 км авто замын ТЭЗҮ-ийн хамт боловсруулж, хүлээлгэн өглөө. Зураг төслийг Засаг даргын ЭЗХБ хариуцсаны орлогч Ш.Батсүх, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх, мэргэжилтэн Ц.Сувдаа, ахлах мэргэжилтэн, Ховд хотын ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогбаяр, ГХБХБГ-ын дарга Э.Дөлбадрах, мэргэжилтэн Б.Төгөлдөр, Цагдаагийн газрын ЗЦТ-ын дарга цагдаагийн ахмад М.Ганболд, МХГ-ын Авто замын улсын байцаагч Б.Ганзориг нар хянаж, хүлээж авлаа.

          Жаргалант суманд баригдах 10 км хатуу хучилттай авто замыг долоон хэсэгт хуваарилсан байна. Харин Чандмань сумын чиглэлд барих 62 км хатуу хучилттай замын хувьд ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа юм. Чандмань сумынхан аймгийн төвөөс Алтай сум орох хатуу хучилттай замаар 95 гаруй км, шороон замаар 65 орчим км явж байж сумандаа очдог. Тиймээс Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрт аймгийн төвөөс Чандмань сум чиглэлд хатуу хучилттай авто зам барихаар тусгасан юм.

          Төслийн багийнхан дээрхи зам баригдсанаар шороон зам болон хучилттай замаар зорчих тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалт, элэгдлийн хэмжээ харьцангуй бага болох тооцоог гаргасан байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний зардлын хэмнэлт жилд 6.6-11.1 мян.төг болж байгаа юм байна. Ийнхүү Эдийн засгийн үр ашгийн хувьд үр ашигтай байхаар төлөвлөсөн, зураг төслийн ажлын даалгаврын биелэлтийг бүрэн хангаж гүйцэтгэсэн гэж үзэж зураг төсөл болон ТЭЗҮ-ийг хүлээж авчээ. Удахгүй авто замын нарийвчилсан зураг төсөл болон тендерийн бичиг баримтыг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна. Дээрхи ажлуудыг 2018, 2019 онд үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр ийнхүү эхлүүлээд явж байгаа юм.

 

- share

Сэтгэгдэл (0)