Энэ жил манай аймагт зуншлага тааруу, ихэнх нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байснаас хадлангийн талбайн хүрэлцээ, өвсний гарц өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага, аймгийн дүнгээр нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн судалгаа, дүн мэдээ гарсан. Тиймээс өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга захирамж гаргаж “Малчдадаа тусалъя” хандивын аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус сайн санааны аянд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй олон байгууллага идэвхи санаачилга гарган нэгдэж хандив, туслалцаа үзүүлсээр байна. Одоогоор нийт 43 төрийн болон төрийн бус байгууллагаас 6160000 төгрөгний бэлэн мөнгө болон 180000 төгрөгний шатахуун, 3247 прэсс өвс, 492 нэмнээ, элгэвч, 472 уут хорголжин болон хивгэн тэжээл, 80 кг будаа, 85 толгой лаа, 512 толгой шүдэнз, 181 ширхэг хос бээлий, 275 ширхэг саван, 73 нэр төрлийн хувцас болон бусад хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд цуглараад байна.

    

          Хандивын аян үргэлжлэн нэгдүгээр сарын 15-наас хувийн хэвшлийн байгууллагуудын хандивыг хүлээж авч, хоёрдугаар сарын нэгэнд хаалтаа хийх юм. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагуудыг сэтгэл гарган, малчдадаа халуун сэтгэлийн туслалцаагаа цаг алдалгүй илгээхийг уриалж байна.

          Өнөөдрийн байдлаар манай аймгийн ихэнхи сумдаар цас орж, хүйтний эрч чангарсан байдалтай байна. Дарви сумын хэмжээнд 323 толгой мал, Мөстөд 24 толгой, Эрдэнэбүрэнд 161 толгой, Ховд суманд 28 толгой бог, нэг тэмээ, Мөнххайрханд 38 толгой бог, Чандмань сумын нэг багт дунджаар 400-500 бог мал хорогдсон мэдээ ирсэн. Бусад суманд өвөлжилт хэвийн үргэлжилж байна.

- share

Сэтгэгдэл (0)