Ховд аймгийн хэмжээнд цаг агаар эрс хүйтэрч цас орсоны улмаас малчдын өвөлжилт  хүндэрч  байгаатай холбогдуулан сум орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлыг  газар дээр нь судлах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор  Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд энэ сарын 18-ны өдөр ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн Чандмань сумын удирдах ажилтнууд, Багийн Засаг дарга нартай уулзаж, Баянхайрхан, Жаргалан багийн малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Малчдадаа тусалъя аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэрэг бараа, эд материалыг Чандмань сумын 20 малчин өрхөд хүргэж ажиллаа.

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй зудын эрсдлийг даван туулах үйл ажиллагааг дэмжиж  хямдралтай үнэ бүхий өвс тэжээлийн дэмжлэгийг малчдад хүргэж эхэлж байна. Одоогийн байдлаар 20 тн тэжээл аймгаас ачигдсан бөгөөд түгээлт  хуваарилалтыг зохион байгуулж байгаа тухай ажлын хэсгээс мэдээллэсэн юм.

Одоогийн байдлаар Чандмань сумын өвс тэжээлийн нөөц, Аймгийн Засаг даргын дэмжлэг, Аймгийн нөөцийн өвс тэжээлийг нэгтгэн нийт 545 өрхөд хүргэлээ. Мөн сумын төв болон хөдөөгийн айл өрхүүдийн түлшний хангамж муудсантай холбогдуулан Аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нарт хүсэлт гаргаж, Хөшөөтийн уурхайн  100 тн нүүрсний нэмэлт таталтыг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж эхлэжээ.  

Мал сүргийг өсгөн үржүүлэхэд олон талын дэмжлэг туслалцаа

хэрэгтэй байгааг малчид хүсч байна  

Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг өсгөн үржүүлэхэд тус уулзалтын үеэр малчдын зүгээс ажлын хэсгийнхэнд тодорхой санал хүсэлтүүдийг уламжилж байлаа. Тодруулбал, зах хязгаарын бүс нутгийн малчдыг бүх талаар дэмжих, “Малчны зээл-ийн хугацааг сунгах, бензиний үнэ тарифийг бууруулах, цөөхөн малтай малчин өрхүүдийг малжуулах, хүнсний бүтээгдэхүүний хөнгөлөлт талонд хамруулах, чанартай өвс, тэжээлийг малчдад ойрын хугацаанд яаралтай хүргэх зэргийг анхаарч холбогдох байгууллагуудад уламжилж ажиллахыг аймгийн Засаг даргаас хүслээ.

Малчид тарга хүч муудсан малаа байнгын өвс, тэжээлд оруулж, суманд хямд үнээр зарагдаж буй өвс, тэжээлээс их хэмжээгээр нөөцлөн авч байна. Гэвч зарим өвс, тэжээлийн чанар муу байгаагаас шалтгаалж мал чацаг алдах, малын нүд өвдөх зэрэг өвчлөл гарч байгааг малчид ярьж байв.

Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга Д.Галсандондог залуу малчдыг дэмжих, малжуулах төслийг зохион байгуулах, аймаг, сумын төвөөс алс хязгаарт амьдарч буй малчид, иргэдэд бүсийн нэмэгдэл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэгт анхаарч ажиллана хэмээв.  

Иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо, эмийн хөнгөлөлт

сум орон нутагт хүрэлцээ дутмаг байна

Ажлын хэсгийнхэний Чандмань сумын төвд иргэд хөдөлмөрчидтэй уулзса уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар мэдээлэл хүргэж, сумын төвийн иргэд хөдөлмөрчид, малчдын санал хүсэлтийг сонслоо.  

Чандмань сумын ахмад настан н.Содном: Сумын ахмад настнуудыг эмийн хөнгөлөлттэй үйлчилгээнд хамруулах, хөнгөлөлттэй эмийг авахдаа ямар байгууллагуудад хандах талаар мэдээлэл авахыг хүслээ. Мөн малчин СГЗ Д.Цэрэндаваа: Өнөөдрийн байдлаар малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаа учраас малчдад эмийн хөнгөлөлт үзүүлэхийг хүслээ.

Ахмад настан Т.Баяраа: Сумын эрүүл мэндийн төвийн эмийн тендер байхгүй учраас сумын иргэд, малчид эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломжгүй байна. Тиймээс нүд, чих, хамар хоолой зэрэг нарийн мэргэжлийн нэгдсэн үзлэгт малчид, иргэд хөдөлмөрчдийг хамруулах боломж байгаа эсэхийг тодрууллаа.

Өвс тэжээлийн нийлүүлэлтэнд малчид санал хүсэлтээ илэрхийллээ  

Ахмад малчин Ш.Төрбат: Тэжээлийг адуунаас бусад малд байнга өгөх нь үр дүн багатай гэдгийг тооцоолж өвс, тэжээлийн хувиарлалтыг зөв зохион байгуулах нь зүйтэй хэмээн аймаг, сумын удирдах ажилтнуудад зөвлөв.

Урд гол багийн Засаг дарга Ж.Гантөмөр: Сум орон нутагт хөнгөлөлттэй үнээр олгогдож буй өвс, тэжээлийг малчдад хувиарлан өгөх явцад сумын төвд мал маллаж буй малчид тэр бүр хамрагдаж чадахгүй байна. Одоогийн байдлаар сумын төвд мал маллаж буй малчдад  өвс, тэжээл олгох нь нэн шаардлагатай байна гэв.

Чандмань сумын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилт, цаашид

авах арга хэмжээг сумын удирдлага онцлов 

Түүнчлэн Чандмань сумын Засаг дарга Б.Галбадрах сумын өвөлжилтийн ерөнхий төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Чандмань сум  нь 6 багтай бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар 254717 мал тоолуулснаас тэмээ 3657, үхэр 9571, адуу 9494, хонь 104057, ямаа 127938 тоолуулсан байнаӨнгөрсөн онд тус сумын нийт нутгаар гантай, зуншлага намаржилт тааруу болжээ.  

Тус суманд нуур усны хөлдөлт зорчих түвшинд хүрсэн байна. Зорчих үйл ажиллагаанд гарсан зөрчил байхгүй. Ханиад, томуу, томуу төст өвчний гаралт, тархалт оны эхэнд идэвхжсэн боловч намжсан төлөвтэй байна. Үүнээс гадна сумын Эрүүл Мэндийн Төвөөр хэвтэн эмчлүүлэгсдийн тоо бага байна. Учир нь эрүүл мэндийн төвийн эмийн хангамж байхгүй талаар иргэд ярьж байв

Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Чандмань сумын хувьд өнгөрсөн оны 10, 11 саруудад харьцангуй дулаан, хур тунадас багатай, хүндрэл харьцангуй бага байсан. 12 сарын 27-ны өдрөөс эхлэн нийт нутгаар богино давтамжтай дараалан цас орсны улмаас тал газраа 6-7 см, уулархаг газраа 25-40 см цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол богино хугацаанд нэмэгдсэн дүнтэй байна. Энэ оны 1 сарын эхний байдлаар 90.0 мянга орчим мал байнгын тэжээлд орсон, үлдсэн мал нь хязгаарлалттай тэжээлд орсон. Энэ тоо цаашид нэмэгдэхээр байгааг сумын удирдлагууд ярьж байв. Мөн малчид өвс тэжээлийн нөөц харьцангуй сайн бэлтгэсэн боловч тэжээлд орсон малын тоо, тэжээсэн хугацаанаас шалтгаалж өвс тэжээлийн нөөцийн хомсдол үүсээд байгаа ажээ.  

Энэ оны 1 сарын 15-ны байдлаар сумын дүнгээр тэмээ 61, адуу 294, үхэр 500, хонь 2277, ямаа 3883 нийт 7015 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Цаашдаа өвөлжилт, улмаар хаваржилт илүү хүндрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 4 аймгийн 17 сумын нутагт нийтдээ 100,0 мянга гаруй мал буюу сумын нийт малын 40 гаруй хувь нь өвлийн отор хийж байна.  

Өөрийн суманд 154,0 мянга орчим мал буюу 60 орчим хувь нь өвөлжиж, оны эцэст нийт 126.0 мянга орчим мал зах зээлд борлуулагдсан байна. Өөрийн болон бусад сумуудад өвөлжиж байгаа малчин өрхүүдийг эргэж тойрох, дэмжлэг  үзүүлэх ажлыг  тогтмол зохион байгуулж, 4 ажлын хэсгээр 11, 12, 1 саруудад нийт хөдөөгийн 284 өрхийн цаг үеийн байдалтай танилцсан тухай сумын Засаг дарга танилцуулсан юм.

Түүнчлэн сум орн нутгийн зүгээс малчин өрхүүдийн хүн амын нэгдсэн судалгаа авахад гадны аймаг, сумын нутагт Чандмань сумаас нийт 67 малчин өрх малтайгаа өвөлжиж байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2, 0-5 насны хүүхэд  42, өндөр настан 14, нийт 274 иргэн байна гэсэн судалгаа гарчээ.  

Чандмань сумын хувьд  өвс тэжээлийн аюулгүй фондод 25 тн өвс, 10 тн тэжээл, Иргэдийн бэлтгэсэн хадлан 1500 тн, тэжээл 20 тн, гар тэжээл 25 тн, хужир шүү 350 тн-ийг  нөөцөлсөн бөгөөд БагуудБаг хөгжүүлэх сан”, “Малжуулах сан”-гийн хөрөнгийг татан төвлөрүүлж багийн нөөц бүрдүүлэх ажлуудыг  мөн зохион байгуулж бэлтгэсэн байна.

Сумын хэмжээндМалчдадаа тусалъясайн санааны аян өрнүүлжээ

Үүнээс гадна  аймгийн хэмжээнд өрнөж буйМалчдадаа тусалъя аяны хүрээнд  аймгийн Засаг даргын нөөцөөс  3.8 тн өвсийг  11 сард,  аймгийн нөөцөөс хямдралтай үнэ бүхий 600 боодол өвс, 200 уут тэжээлийн дэмжлэг үзүүлжээ. Аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр тус сумын хэмжээнд 300.0 мянган төгрөгний өргөн хэрэглээний эм тариа өгч, нарийн мэргэжлийн эмч нарийн баг ажиллуулсан байна. Түүнчлэн малчдаа эргэж тойрох зардалд зориулан 500 л шатахууны дэмжлэг үзүүлсэн байна.  

Мөн сум орон нутагтааМалчдадаа тусалъя аяныг 2 үе шаттайгаар зохион байгуулж, уламжлалт щифийн харилцаагаа сэргээн хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Чандмань сумын Соёлын төвЖаргалант баг”-т 80.0 мянган төгрөг, Сумын ЗДТГазарТахилт баг-т 500.0 мянган төгрөг, ЕБС-ийн хамт олонБаянхайрхан баг”-т 300.0 мянган төгрөг, бод богийн нэмнээ, лаа, шүдэнз, бээлий зэрэг эд материалын тусламжЭрүүл мэндийн төвөөсТалын булаг баг”-т  200.0 мянган төгрөг ба бусад эд материалын тусламж үзүүлж, мөн сумын нөөц бүрдүүлэхэд 500.0 мян төгрөгийн тусламж,Бүжинхэн хүүхдийн ЦэцэрлэгСүлжээ баг”-т 125.0 мянган төгрөг, Улаанбаатар хотын иргэн н.Цэрмаа 100 ширхэг  бээлий зэргийг сумын малчдад зориулсан хандив тусламжаар өгсөн  байна.

Цаашид сум орон нутгийн хэмжээнд

авах шаардлагатай арга хэмжээ

Цаашид сум орон нутгийн удирдах ажилтнуудын зүгээс  гадны аймаг, сумын нутагт отроор явж байгаа айл өрх, иргэдээ эргэх, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авах, Нутгийн зөвлөлүүдтэй хамтран малчдад туслах арга хэмжээг зохион байгуулах, Хөдөөгийн айл өрхүүдэд тулгамдсан хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх, Суманд үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудад хандаж иргэдэд шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэхэд уриалах, үр дүнд хүргэх, Дэлгүүр, ААН-үүдэд хандаж малчдад туслах зорилгоор үнийн хөнгөлөлт үзүүлэх уриалгыг хүргүүлэх, Үүрэн телефоны сүлжээний операторуудад хандаж иргэд, малчдад ярианы төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд уриалах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн ярьж байлаа.  

Мөн  өвөлжилт, хаваржилтын  хүндрэлийг амжилттай даван туулахын тулд  цаашид   өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх. ОХУ-аас оруулж ирж байгаа тэжээлийн таталтыг түргэсгэх, тэжээлийн чанарт анхаарах. Ноосны урамшууллыг барьцаалах, бэлэн мөнгөөр худалдан авахаас гадна бэлтгэсэн махаар солих, арьс ширний урамшуулал, хугацаатай зээлийн нөхцлийг судалж хэрэгжүүлэх. Отроор явж байгаа малчид, малтай холбоотой тухайн орон нутгийн дарамт шахалтыг зохицуулах, Хөшөөтийн уурхайн нүүрсний  түгээлт болон хугацааг нэмэгдүүлэх. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банкуудад малчны зээл, барьцаалсан зээлийг үргэлжлүүлэн олгуулахад бодлогоор дэмжих, Малчдадаа хүрч ажиллахад шатахууны төсөв хүрэлцэхгүй байгаа байдалд дэмжлэг үзүүлнэ хэмээн сумын удирдлагууд онцлон дурьдлаа.

Мэдээлэл бэлтгэсэн: Ховдын мэдээ сонины сурвалжлагч Н.Лхагва,

ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба  

- share

Сэтгэгдэл (0)