Малчид малын түүхий эдийн үнэ ханшийг тогтвортой болгохыг хүсч байна

          Ховд аймгийн хэмжээнд цаг агаар эрс хүйтэрч, цас орсонтой холбогдуулан сум орон нутгийн өвөлжилтийн ерөнхий төлөв байдал, малчдын амьдрал ахуй, малын хашаа хороо, өтөг бууц, өвс тэжээлийн нөөцтэй танилцах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар ажилласан юм.

           Ажлын хэсгийнхэн Цэцэг сумын Хажинга, Баянгол, Баянвоо багуудын малчидтай уулзаж, багуудын мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, “Малчиддаа тусалъя” аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэрэг бараа, эд материалыг малчин өрхүүдэд хүргэж ажиллалаа. Тодруулбал, Хажинга багийн малчин Ч.Гунгааням, Л.Баасанхүү, Т.Уртнасан, Ч.Дүгэржав, ахмад малчин н.Төгсөө, Баян гол багийн малчин С.Мандалбаяр, Чандмань сумын Жаргалан багаас Цэцэг сумын Баянгол багт отроор өвөлжиж буй малчин Ю.Ганхуяг, Баян овоо багийн малчин, Сумын аварга малчин Б.Батчир нартай уулзаж, аяны хандив тусламжийг гардуулан өгсөн юм. Энэ үеэр малчдын зүгээс малын арьс, шир, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийг тогтвортой болгох, нэмэгдүүлэх, хивгэн тэжээлийг малчдад хүргэх, Хажинга багийн Гангат өвөлжөөний худгийг сэргээн засварлах зэрэгт анхаарч ажиллахыг хүслээ. Ер нь Цэцэг сумын багуудын отрын бүс нутагт усны асуудал нэлээд байгааг малчид, сум орон нутгийн удирдлагууд ярьж байлаа. Тухайлбал, Цэцэг сумын Хажинга багийн худаг нь 308 м гүний худаг бөгөөд мотоор, нацос эвдэрсэн учраас ашиглах боломжгүй байгаа аж.

         

Ирвэс мал барьж байна

          Чандмань сумын Жаргалант багаас Цэцэг сумын Баянгол багт отроор өвөлжиж буй малчин Ю.Ганхуягийн хувьд малын тарга хүч сайн байгаа боловч хээрийн амьтан болох ирвэс мал барьж байгаа тухай ярьлаа. Тэрээр 10 гаруй бог малаа ирвэсэнд бариулсан байна. Цэцэг сумын Баянгол баг болон Зэрэг сумын уулын бүсийн багуудад нутаглаж буй ирвэс нь мал, нохой руу өдрийн цагаар дайрч, малчдад их хэмжээний малын хорогдол хохирол учруулж байна. Тиймээс байгаль орчны холбогдох байгууллагуудад уламжилж анхаарч ажиллахыг хүссэн юм.

Малчид өвс тэжээлийг малаар сольж авах хүсэлтэй байна

          Ажлын хэсгийнхэн Цэцэг сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч аймгийн Засаг даргын зөвлөх Т.Баатарзориг, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү нар өвөлжилт, хаваржилтийн төлөв байдал, ЗГ-ын шийдвэрээр ноосны урамшуулалд малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох тухай, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх сум орон нутгийн хэмжээнд тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, төсвийн талаар тус тус мэдээлэл хүргэж, малчдын санал хүсэлтийг сонслоо. Тухайлбал, Цэцэг сумын ахмад малчин Д.Чойсүрэн: Ноосны урамшуулалд хамрагдаагүй малчид өвс тэжээлийг малаар сольж авах хүсэлтээ байгааг уламжиллаа. Мөн банкнаас малчдад олгодог зээлийн тодорхой шаардлага, заалтаас шалтгаалан мал тооллогын дүн сүүлийн жилүүдэд буруу явагдаж байна. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэв. Түүнчлэн мал маллаж байгаа малчид өөрсдөө малын чанарт анхаарах хэрэгтэй хэмээв.

           Малчин Б.Батмөнх: Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сумын айл өрх бүрт 1 тн нүүрс олгох, хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын цэцэрлэгт ариутгал хийх тухай санал уламжиллаа.

          Ахмад настан Л.Занданбазар: Сум орон нутгийн нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийг хамгаалах үүднээс “Малын хөлийн татвар”-ыг бий болгох тухай санал гаргалаа.

           

Цэцэг сум нэгдсэн дулаан халаалтанд холбогджээ

Цэцэг сум бол Ховд аймгийн хэмжээнд “Эрчим дөл” ХХК-ны хөрөнгө оруулалтаар анхны “Нэгдсэн дулаан халаалт”-анд холбогдсон сум юм. Ажлын хэсгийнхэн тус сумын нэгдсэн дулаан халаалтын зуухны үйл ажиллагаатай танилцлаа.

Цэцэг суманд гадны аймаг, сумдын 30 гаруй мянган мал өвөлжиж байна

          Цэцэг сумын Засаг дарга Ж.Мөнхзориг 2017 онд тус суманд хийгдсэн бүтээн байгуулалт, бодит ажлууд, сумын өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Цэцэг суманд өөрийн сумын 178317 мянган мал, гадны аймаг, сумдын 30 гаруй мянган мал өвөлжиж байна. Агаарын темпратур өдөртөө хасах 25-27с градус, шөнөдөө хасах 40-42 с градус хүрч хүйтэрч байна. Тус сумын нийт нутгаар 10-15 см зузаан цас орж, энэ сарын 17-ны өдрийн байдлаар 243 толгой мал хорогдсон байна. Сумын өвсний аюулгүйн нөөцөд 2000 орчим пресс авснаас одоогийн байдлаар 700 орчмыг нь малчдад хүргүүлж байна. Тус сум “Малчиддаа тусалъя” аяны хүрээнд мөнгөн тусламж 2,3 сая төгрөг, бензин, түлш малын нэмнээ,өвс тэжээлийн хандив цуглуулан ажилласны зэрэгцээ өнгөрсөн 7 хоногт сумын Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг томилон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, сумын нийт малчдаас 483 боодол өвсний захиалга авч ирсэн байна.

           Тус суманд аймгийн Онцгой комиссын шйдвэрээр аймгийн нөөцөөс хямдралтай үнэ бүхий 600 боодол өвс, 200 уут тэжээл, хүн амын эрүүл мэндэд анхаарч 300 мянган төгрөгний эм тариа өгч, нарийн мэргэжлийн эмч нарийн баг ажиллуулсан байна. Сумынхаа малчдаа эргэж тойрох зардалд зориулан 500 л шатахууны дэмжлэг үзүүлсэн байна.

 

- share

Сэтгэгдэл (0)