Сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүнтэй ажлын хэсэг Буянт суманд ажиллаж, сумын Соёлын төвд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. 

Уулзалтанд аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан, төлөөлөгч Б.Энхтуяа, Буянт сумын ИТХ-ын дарга А.Саулегүл, сумын Засаг даргын орлогч О.Баатарчулуун болон иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд болон өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд 2017 оны төсвийн биелэлт, 2018 онд сумын төвүүдэд хувиарлагдсан хөрөнгө оруулалтын талаар, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан нар өвөлжилт хаваржилтын цаг үеийн нөхцөл байдлын талаар тус тус мэдээлэл хийж, иргэд хөдөлмөрчдын санал хүсэлтийг сонссон юм.  

Энэ үеэр иргэн Б.Баваахан: Буянт сумыг засаглалын хямралаас гаргаж сум орон нутгийг Засаг даргатай болгох, сүүний үйлдвэр байгуулах, нутгийн хадланчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах зэргийг анхаарч ажиллахыг аймаг, сум орон нутгийн удирдлагуудаас хүслээ. Тус сумын хэмжээнд 2017 онд 500,000 прэсс хадлан хураан авчээ.

Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Оюунчимэг: сургуулийн хичээлийн байрыг их засварт оруулах, сургуулийн нягтлан бодогчийн орон тоог нэмэгдүүлэх зэрэг санал уламжлав. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан сумын соёлын төвийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгаа талаар санал хэллээ.

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэхдээ, аймгийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Буянт сумын сургуулийн их засвар, соёлын төвийн байрыг тусгаж, сүүний чиглэлээр үйлдвэр байгуулах ажлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлан шийдвэрлэж ажиллана хэмээв.

Буянт сумын нийт нутаг дэвсгэрт 8-10 см зузаан цастай, өдөртөө хасах 30-35 с градус, шөнөдөө хасах 40-42 с градус хүйтэрч байна. Буянт суманд 459 малчин өрх, 446 мал бүхий өрхийн нийт 215823 тоо толгой мал, Мянгад, Дөргөн, Чандмань, Дуут сумуудаас 40 өрхийн 17800 мал өвөлжиж байна. Сумын өвсний аюулгүйн нөөцөд 6868 тн өвс хурааж авсанаас 4494 тн-ийг малчдад зарцуулж, одоогийн байдлаар 2374 тн өвс байгаа аж. Сумын хэмжээнд нийт 1265 тоо толгой мал хорогдож, 268 мал хээл хаясан мэдээтэй байна.

Энэ жил Буянт сумын уулын бүсийн багууд болох Наранхайрхан, Цагаан эрэг, Норжинхайрхан багуудад өвөлжилт, хаваржилт хүнд байгаа учраас тус багуудын 10 гаруй малчин өрхийн нийт 3780 мал Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумын нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буянт сумын уулын бүсийн багуудад анхаарч, малчин өрхүүдэд хямдралтай үнээр өвс, тэжээл олгоно хэмээн аймгийн Засаг дарга онцлон дурьдлаа.   

- share

Сэтгэгдэл (1)

  • Loan Cash

    personal loans <a href="http://personalloans.store">loans personal</a> personal loans <a href=http://personalloans.store>personal loans</a>

    2018-02-06 20:38:30