Ховд аймгийн 2017 оны “ногоон элч” шалгаруулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг ЗДТГ Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар болон бусад албаны төлөөлөл оролцож баяр хүргэн шагнал урамшууллыг гардуулан өгөв.

Ховд аймаг байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэл, цэвэр технологийг нутагшуулах, эко системийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгальд ээлтэй, чадвар дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг тодорхойлсон "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр" бодлогын цогц баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2 дахь жилдээ "НОГООН ЭЛЧ" арга хэмжээг зохион байгууллаа. 2017 оны "Ногоон хөгжлийг сурталчлагч" номинацын эзнээр НҮБ-ын МОН/16/301 төслийн орон нутгийн зохицуулагч Б.Баярсайхан, "Ногоон үйлдвэрлэл" номинацын эзнээр иргэн М.Бат-Очир, "Ногоон ажлын байр" номинацын эзнээр "Турлиахт" компаний захирал Д.Лхамсүрэн, "Ногоон байгаль" номинацийн эзнээр иргэн Ч.Билэгтмандах, "Ногоон эдийн засаг" номинацын эзнээр "Дөргөн" хадгаламж зээлийн хоршоо тус тус шалгарлаа.  

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Цаашид агаарын бохирдлыг бууруулах тал дээр идэвхийлэн ажиллана. Энэ хүрээнд Ховд аймгийн төвд ажиллаж байгаа 41 жижиг оврын уурын зуухыг эхний ээлжинд төвийн шугаманд шилжүүлж агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ” гэдгээ онцоллоо.  Ховд хотын хувьд өнөөгийн байдлаар тулгамдаж байгаа асуудлуудыг нэг бол агаарын бохирдол яах аргагүй мөн. Тиймээс байгууллага аж ахуй нэгжүүд эртнээс халаалт, дулааны төлөвлөгөөндөө дээрх санал, санаачилгыг тусган хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй юм.

- share

Сэтгэгдэл (0)