Аймгийн Онцгой комисс өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр хуралдлаа. Хуралд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон бусад удирдах ажилтнууд оролцов.
Хурлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, ”Бадамлах дөл“ ХХК-ийн дулааны станц, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Шим ус ОНӨТҮГ зэрэг байгууллагуудын удирдлага, инженерүүд нийгэм, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Бадамлах дөл” дулааны станцын төв шугамд гэмтэл үүсэж, Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Жаргалант сум, “Шим ус” ОНӨТҮГазар болон тус дулааны станцын удирдлага, инженерүүдээс бүрдсэн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, шугам сүлжээний халаалтыг хэвийн байдалд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар дулааны станцын усны температур 92 градус, буцаж эргэхдээ 64 градус, усны даралт 7,2 , буцаж эргэхдээ 4,1 хэм байна. Тус дулааны станц 7 хоногийн нүүрсний нөөцтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар “Бадамлах дөл” дулааны станцын гүйцэтгэх захирал Д.Анхбаяр мэдээллэв.
Энэ үеэр дулааны станцад үүссэн гэмтэл, зарим чиглэлийн халаалтын доголдолтой холбоотой нэлээд зөрүүтэй мэдээлэл орон нутгийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тухай хуралд оролцогчид ярьж байсан бөгөөд орон нутгийн зарим мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүргээ хариуцлагатай биелүүлэхийг аймгийн Засаг дарга онцлон дурьдлаа.
Сүүлийн үед хүйтний эрч чангарч, айл өрхүүд халаалтын тен нэлээд хэрэглэж байгаа учраас цахилгаан эрчим хүчний сүлжээнд үе үе гэмтэл, доголдол үүсч байгаатай талаар “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий инженер У.Пүрэвдорж хэллээ.
Харин "Шим Ус" компанийн захирал Д.Нямлхагва 80 айлын орон сууцны нэг давхрын айлууд, Гаалийн 12 айлын орон сууц, нэгдүгээр цэцэрлэг, нэгдүгээр 60 айлын орон сууцны халаалт доголдож ус алдаж, зарим айлын паар хөлдсөн /голдуу эзгүй айлууд/, газар доорх хөлдсөн шугамуудыг илрүүлж засвар үйлчилгээ хийж ажиллаж байна гэсэн юм.

Хүйтний эрч сулартал ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллаж, айл өрх, албан байгууллага орон сууцны халаалт, дулаан, цахилгааны хэвийн байдлыг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондог үүрэг болгож, тус хурлаас дээрх байгууллагуудын авах арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гаргахаар болов.

Мөн Ховд аймгийн хэмжээнд 67293 толгой мал хорогдсон тухай Хүнс, Хөдөө аж ахуйн газраас мэдээллэв.

 

- share

Сэтгэгдэл (0)